sonin.mn
Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банк группын Санхүү хариуцсан захирал Бертран Бадре Монголд анхны айлчлалаа хийхээр өнөөдөр ирнэ.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзахаас гадна монголын хүн амын амьжиргааг дээшлүүлэх чиглэлд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн үйл явцтай танилцах юм. Тэрбээр, “Монголын хөгжлийн явцыг илүү ойлгохын тулд, мөн Дэлхийн банк группээс Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж байгаа санхүүгийн болон мэдлэгийн тусламжаа хэрхэн цааш үргэлжлүүлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзахаар айлчилж байна” хэмээжээ.
 
Ноён Бадре айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Д.Эрдэнэбат нараас гадна хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж Дэлхийн банк групп Монголын хөгжилд үзүүлж байгаа дэмжлэгээ хэрхэн цааш үргэлжлүүлэх тухай харилцан ярилцана.
 
Дэлхийн банк группээс Монголын хөдөө орон нутгийн хөгжил, боловсрол, эрчим хүчний хөгжилд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Тогтвортой амьжиргаа”, “Хөдөөгийн боловсролын хөгжил”, “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”, Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа салхин сэнсний Салхит төслийн үйл явцтай танилцана.
 
Ноён Бадре нь Дэлхийн банк группын санхүүгийн болон эрсдлийн стратегийн удирдлагыг хариуцдаг. Түүний үүрэгт санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон хөгжүүлэх, санхүүгийн дүн, тайлангийн хяналт, эрсдлийг удирдахаас гадна группын стратегитай уялдсан санхүүгийн нөөц боломжийг дайчлах ажлууд багтдаг. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд группыг төлөөлөн оролцох замаар ноён Бадре санхүүгийн стандарт тогтоох, шилдэг туршлагыг түгээх олон улсын яриа хэлэлцээнд өөрийн хувь нэмрийг оруулж яваа нэгэн юм. 
 
Айлчлал маргааш өндөрлөнө.
 
Ж.Болор
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг