sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Америкийн алдартай дипломатч, гадаад бодлогын “харцага” гэж нэрлэгддэг, Иракийн дайныг дэмжигч Жон Болтон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ пүрэв гарагт мэдэгдсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг улс төрчийн дүрс бичлэгээр дамжуулан хийсэн мэдэгдлээс иш татан уламжилжээ.
“Гадаад бодлогод хатуу чиг шугамыг болон Рейганы гадаад бодлогыг тууштай дэмжигч хэвээр үлдсэнээр улс орныхоо ирээдүйд илүү хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ би итгэж байна” гэж Болтон хэлжээ.
 
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны намар болно. Тус улсын одоогийн төрийн тэргүүн Барак Обама гурав дахь удаагаа сонгогдох боломжгүй юм.
 
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд Болтон ялах магадлал бараг тэг хувьтай байжээ. Тус намын доторх сунгаанд Сенатын танхимын гурван гишүүн, мөн бизнес эрхлэгч Карли Фиорина, мэдрэлийн мэс заслын эмч Бен Карсон нар хэдийн орсон билээ. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэхээ хараахан мэдэгдээгүй байгаа Флорида муж улсын захирагч асан Жеб Буш, Висконсин муж улсын захирагч Скотт Уокер нар илүү хүчтэй нэр дэвшигчид тооцогдож байна.
 
Өдгөө 66 настай Жон Болтон нь Рональд Рейган, эцэг Жорж Буш болон бага Жорж Бушийн засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байжээ. 2005-2006 онд НҮБ-д АНУ-ыг төлөөлөн сууж байсан байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг