sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байна” гэж хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатанд явж буй 44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах, цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо.
 
 
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,
 
Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар 2015 онд нийт 172.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон боловч Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг Улсын Их Хурлаас хараахан шийдвэрлээгүй байгаа нь өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө тасалдах эрсдэлийг үүсгэж болзошгүй байна.
 
Түүнчлэн бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох мөн далд орлого, хөрөнгийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг 2015 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөлтэй амин холбоотой Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл нийгэмд ихээхэн хүлээлт бий болгож байна.
 
Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд Засгийн газар бэлэн болголоо.
 
Ингэснээр орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны баримтыг цахим хэлбэрээр хийх, татварын хяналт, шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломж олгох юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох нь ойлгомжтой.
 
Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт хоорондоо нийцэхгүй байгаагаас үүдэлтэй эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсэх явдал амьдралд цөөнгүй тохиолдож байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлагатай юм. Иймд хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан хуулийн төслүүдийг боловсруулсан болно.
 
Үл хөдлөх эд хөрөнгийн  барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нэмж тусган Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна.
 
Монгол Улсын иргэн өмчлөлийн газраа барьцаалах эрх зүйн зохицуулалт бий болоод багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч ялангуяа гэр хорооллын газрын харилцаатай холбоотой асуудлууд маргаан хүндрэл дагуулсан хэвээр байна. Газраа барьцаалсан иргэдийн хувьд гэрээний үүргээ хангаагүй тохиолдолд 3 шатны шүүхээр  шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудад газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байна. Энэхүү хуулийн төслийг даруй хэлэлцүүлж шийдвэрлэснээр гэр хорооллын газрыг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, барилга, орон сууц барих сонирхол нэмэгдэнэ.
 
Манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг практик амь бөхтэй байгаа нь манай эдийн засгийн 70 гаруй хувийг эзэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгөгүй иргэд зээл, санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэж санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чадахгүй байна. Энэхүү хуулийн төслөөр бизнесийн арилжаа, гэрээний гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх иргэдэд үүсч буй тул ихээхэн ач холбогдолтой  юм. Манай нийгмийн дундаж давхаргыг бэхжүүлэх, иргэдийн хувьцааны соёлыг бий болгоход алсдаа энэ хуулийн эдийн засгийн үр дүн мэдрэгдэнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.