sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Хятадын өмнөд нутагт амьдаар нь оршуулсан нярай хүүхэд найман өдрийг газар дор өнгөрүүлснийхээ дараа амьд олдсон тухай “The Telegraph” сонинд тус улсын хэвлэлүүдийн мэдээллийг иш татан бичиж байна.
Хятадын Гуанси мужийн оршуулгын газрын дэргэдүүр явж байсан нэгэн эмэгтэй хүүхдийг олжээ. Тэрбээр газар дороос хүүхдийн уйлах дуу сонсож, цагдаа дуудсан байна.
 
Цагдаа нар хүүхдийг хийсэн байсан цаасан хайрцгийг газар дороос гаргажээ. Хүүхдийн эцэг эх нь тосгоны ядуу тариачид байсан байна. Сэтэрхий уруултай төрсөн учир тэд хүүгээ голсон аж. Эмнэлгийн тусламж хүсэхэд хэтэрхий үнэтэй учир тэд хүүхдээ өвдсөн гэж бодохоор шийдсэн бололтой.
 
Эхлээд тэд нялх хүүхдээ оршуулгын газар орхижээ. Хүүхэд тэнд хоёр хоног байсан байна. Дараа нь хүүг хэдийн үхсэн гэж бодсон төрөл төрөгсөд нь оршуулжээ.
 
Найман өдөр өнгөрсний дараа нярайг цагдаа нар илрүүлсэн байна. Хайрцгийн засвараар ус, агаар нэвтэрч байсан учир нярай амьд үлдэж чаджээ. Одоо хүүхдийн бие сайн байгаа аж.
 
Цагдаа нар хүүгийн төрөл садны гурван хүн болон эцэг, эхийг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан байна.
 
Д.Жаргал
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг