sonin.mn
Манай улсын эдийн засгийн өсөлтийн  үр дүнгээр ядуурал тодорхой хэмжээгээр буурсан ч үр ашгийн  хуваарилалт тэгш бус, хүн амын 30 шахам хувь ядуурлын түвшнээс доогуур амьдарч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
 Энэ тухай Засгийн газар, НҮБ-тай хамтран боловсруулсан “Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал” тайлангийн хэлэлцүүлгийн үеэр тодотгосон юм.
 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу хэлэхдээ, “НҮБ-ын удирдах зөвлөлөөс 2009 онд дэлхийн санхүүгийн хямралын хариу арга хэмжээний нэг болгож нийгмийн хамгааллын суурь түвшний талаарх санаачилгыг баталсан. Энэ шийдвэр нийгмийн хамгааллын суурь түвшинг хангах, нийгмийн үйлчилгээг бүх хүнд хүртээмжтэй болгох талаарх дэлхий нийтийн үүрэг амлалтын нэг болсон. Нийгмийн хамгааллын суурь түвшинг бүрдүүлэх асуудал нь 2015 оноос хойш хөгжлийн бодлого болох Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг байх болно” гэв.  
 
 Нийгмийн хамгааллын суурь түвшинг хангахын тулд  энэ онд манай улсад  ДНБ-ийн 0.94, 2020 онд 1.68 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө шаардлагатай юм байна. Энэхүү нэмэгдэл хөрөнгө нь хүүхдийн нийгмийн хамгаалал, хоол тэжээлийг сайжруулах, хөдөлмөрийн насны хүн амын орлогын аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэх чадамжийг дээшлүүлэх, өндөр настны хамгааллыг хангахад зарцуулах аж. 2020 он гэхэд Нийгмийн хамгааллын суурь түвшинг  бүрэн хангахад шаардагдах нэмэлт хөрөнгийн 0.60 хувь нь хүүхдийн , 0.60 хувь нь хөдөлмөрийн насны иргэдийн , 0.48 хувь нь ахмад настны нийгмийн баталгааг хангахад зарцуулах тооцоог гаргажээ. Ийнхүү зардал нэмэгдэж байгаа нь ирэх таван жилд  хүн амын томоохон бүлэг төрөөс шимтгэлийн татаас авснаар ажиллах хүч нийгмийн даатгалд 100 хувь хамрагдана гэсэн таамаглал дэвшүүлж буйг судлаачид хэллээ.
 
Нийгмийн хамгааллын суурь түвшинг хангахад шаардагдах зардал 2020 онд ДНБ-ийн 4.7 хувиас хэтрэхгүй бөгөөд энэ нь улс орнуудын нийгмийн хамгааллын зардлын  дундажаас нэлээн доогуур тоо гарчээ. Тиймээс Монгол Улс  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн мөнгө олгож байгааг үргэлжлүүлэх, малчид болон хувиараа бизнес эрхлэгчдийг тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлд төрөөс дэмжлэг үзүүлэх замаар даатгалд бүрэн хамруулахыг зөвлөж байна. Улмаар тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг  амьжиргааны өртгийн өсөлттэй уялдуулан индексжүүлдэг болох нь чухал хэмээн зөвлөжээ.
 
 Б.Заяа
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг