sonin.mn
 ИХ ТӨЛӨӨС
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд бие болоод сэтгэлийн маш их өр төлөөсийг өөрсдийн хувь заяагаараа төлж байдаг. Таарч тохирохгүйдээ салж сарнисан их шаналалаа, орхиод ирсэн үр хүүхдүүдийнхээ гомдол цөхрөлийг, үлдээгээд ирсэн өөрөө үүрэх учиртай өр төлөөсөө, өөрөө үүрэх тавилангаа бүгдийг тэд өөрсдийн зовлон жаргалтайгаа хамтад үүрдэг. Өөрийг нь  ирэхийг хүлээж цонхны цаанаас шөнөжингөө хүлээх үрийнхээ цөхрөлийг, эргээд ирэхийг нь хүлээж дэрээ норгон хөрвөөх амрагийнхаа шаналлыг, өдөр шөнийн уртах халиран хүлээх итгэлийг, дотно нэгний үгүйлэн санах сэтгэлийг бид мартаж чаддаггүй, гэхдээ түүний төлөө дэрэн дээрээ урсгасан их нулимсын дусалд хэн ч нордоггүй. Аадрын бараан үүлс сэтгэлд нь хуралдаж, аянгын гал цахилаан сэтгэлийнх нь гомдолд нь ниргэж, харин өөрөө гал шиг асч, зул шиг бадамлаж байхад ойлгох хүн олон гэж үү? Харь орны хөнжил нь дулаахан ч дэр нь хэзээ ч зөөлөн байдаггүй юм.
 
 
Тэд урсах хөлснөөсөө холдож одсон хайрын нулимсын шорвог амтыг залгилж байдаг юм, хатуу ч гэлээ зөөлөн сэтгэлээ нулимсаараа дэрэн дээрээ норгон амталж байдаг юм, хүлээж шаналсан үрийнхээ сэтгэлийн гомдлыг хатуу дарстай хамтад залгилан өөрийгөө аргадаж байдаг юм. "За яахав дээ, хорвоо уужим шүү дээ" хэмээн өөртөө үгэлж, зөвтгөх шалтгаа хайж байдаг юм. "Эргээд очих нэгэн өдөр бүгдээрээ ухаарна шүү дээ" гэж өөрийгөө аргадаж байдаг юм. "Эх орон минь бүрэн бүтэн байхад бүх л зүйл болж л орхино шүү дээ" хэмээн ухаарлаа учирлалаар даруулж байдаг юм. Эхлэл төгсгөлийн монгол учиганд итгэл найдвар хамтдаа зангидагдаж байдаг юм. Ийм болохоор л монголчууд хэзээ ч найдвар итгэлээ алдаж байгаагүй юм. Харь газар хичнээн идээшивч эх орноо хэзээ ч мартаж чаддагүйн учиг нь энэ. Сүвлэх зүүний утас нь миний Монгол орны хил хязгаар, зангидах учиг нь бидний сэтгэлийн хязгаар. Энэ хоёрын сүлэлдээнд монгол хүний ухааны цараа оршиж, бас омогшил оршиж байдаг. Эх орон минь бидний сэтгэлийн зөөлөн өлгий, бас бидний авс.
 
 
Гадаадад байгаа монголчууд ямар их өр төлөөсийг сэтгэлээрээ төлж байдгийг та нар анзаарахгүй дээ. Өлгийнөөс авс хүртэлх богинохон зайд ертөнцийн түмэн үзэгдэл, буман үйлдлийг мэдрэх гэж бид тэнүүчилдэг юм. Энэ орон зайд МОНГОЛ эх орон минь ямархан үнэ цэнэтэй болохыг өөрсдөө ухаарах гэж, өрөөл бусдад учирлах гэж бид цагаачилдаг юм. Алдаа онооны дэнсээ ухаарлын учигаар зангидах гэж бид зовлон жаргалаа өөрсдөө үүрдэг юм. Энэ бол бидний өөрсдөө сонгосон тавилан. Үүний өр төлөөс нь их ухаарал. Алдаа онооныхоо дэнсийг та нарын өмнө учирлаж байдаг юм, алдаж оносон тавилангаа бид өөрсдөө үүрч гардаг юм, гэхдээ та нарт хэзээ гомдоллохгүйгээр. Заримдаа бид өөртөө гомддог ч, эх орондоо хэзээ ч гомддогүй ээ. Тэртээд дүнсийх буурал түүхийн гэрч уулс минь сүрлэг хэвээрээ, зэрэглээн дундаа урсах их говийн минь толгод нь урсгалаараа, талд нь цахилах зээр гөрөөс нь догшин хэвээрээ, нүүдэлчин монголчуудын бэлэгдэл болсон чононууд нь хийморлиг хэвээрээ, тэнгэрийн их тамгатай монголчууд минь бардамнал онгиргон хэвээрээ, хацар гоо охидын үзэсгэлэн гоо хэвээрээ. Харин үүний төлөө харь газар бадарчлах монголчууд, их ухаарал, монголчуудын үнэ цэний төлөө өөрсдийгөө золиослох өчүүхэн. ИХ ТӨЛӨӨС ИХ УХААРАЛ ЭНЭ ДЭЛХИЙН ОРОН ЗАЙД. Харин бид нүүдэлчин аугаа монголчууд хэвээрээ үлдэх сэн дээ.
 
 
                                                                      ГЭГЭЛЗСЭН СЭТГЭЛ
 
 
Сэтгэлийг минь сэмэлчихээд санаа алдах ч үгүй холдоод явсан чиний алхаа шиг хаврын борооны дуслуудын чимээ сэтгэлийг минь гэгэлзүүлнэ. Санаа алдмаар ч юм шиг, бас гунигламаар ч юм шиг. Сэхүүн бардам занг минь халирааж орхичихоод тоомжиргүйхэн төрхөөр ширвээд өнгөрсөн чиний харц шиг хаврын  нарны  хурц гэрэл сэтгэлийг минь гэгэлзүүлнэ. Далдирмаар ч юм шиг, бас дурсмаар ч юм шиг. Чамд дурласан зүрхийг минь зөөлхөн илбэчихээд хацар дээр минь үнсэлгүй холдоод одсон чиний араншин шиг хаврын орой сэтгэлийг минь гэгэлзүүлнэ. Гарч алхмаар ч юм шиг, хэн нэгэнд хуучилмаар ч юм шиг. Хавар дурлал хоёр дандаа хөтлөлцөж явдаг гэж хэн мэдлээ.
 
 
                                                                              ДУРГҮЙ ХҮН
 
 
...Энэ ертөнцөд бидэнтэй хамтдаа аж төрж байгаа энэ олон хүмүүс өөр өөрийн тавилантай байдаг лугаа өөр өөрийн араншинтай. Хэзээ ч давтагдашгүй. Өрөөнийхээ цонхоор гадагш хараа билчээхэд гудамжаар урсаж буй үй олон хүмүүсийн урсгал хэзээ ч давтагддаггүй, эргээд алгаараа хутгаж боломгүй голын хүчит урсгал лугаа адил. Бид голын эрэг дээр нэгэн урсгалыг ажих авч нүдний өмнүүр урсан өнгөрөх тэр л долгис хэзээ ч бидэнд эргэж ирдэггүй. Яг түүн лугаа адил энэ ертөнцийн тоо томшгүй хүн урсгал дунд "Уулзах учиртай хүмүүс уулзаж, учрах тавилантай хүмүүс л учирдаг" гэнэм. Ямар үйлийн барилдлагатайг би үл мэдэх авч зөндөө хүмүүстэй учирч дурлаж дургүйцэж, сайдалцаж муудалцаж, хайрлаж бас үзэн ядацгаадаг. Нэгэн өдөр тэврэлдэн баяр жаргалаа хуваалцаж, нөгөө өдөр үзэн ядаж хашгиран маргалдах тохиолдол зөндөө. Сонин юм шүү тэр болгонд бидний зүрх сэтгэл савлаж, баяр бахдал уйтгар гунигийн дунд хэлбэлзэж байдаг. Бид яг л тэр араншингаараа энэ амьдралыг хэмжиж, хайрлах үзэн ядахын хязгаар дунд амьдарцгаана. Хэзээ хойно ийм дурсамжууд сэргэхэд зүрхний минь тэртээд үлдэж хоцорсон баяр гунигийн сүлэлдээнд өөрийн мөн чанараа хайн тэмтчинэ. Олох нь ч бий, ор сураггүй мартах нь ч бас бий.
Хэрэв өөрийн тань санаж бодож байгаагаас өөр авир гарахад л хүмүүс "чи өөр болжээ" хэмээн дургүйцлээ илэрхийлдэг гэж хэн нэгэн фейсбуук дээрээ бичсэн байхыг уншиж билээ. Хүмүүс өөрийн дотны хүн нь өөрийн бодсоноос огт өөрөөр амьдралд хандаж эхлэхэд дургүйцэж эхэлдэг гэсэн утга юм уу даа. Тийм ч юм шиг, бас үгүй ч юм шиг. Миний амьдралд тийм хүмүүс зөндөө тохиолдож байв. Сайн сайхнаар төсөөлж, салшгүй итгэлээр нөхөрлөлөө аргамжиж байсан дотны хүн минь нэгэн өдөр төсөөлж байгаагүй муу араншин гаргахад би итгэж ядан уцаарлаж, түүндээ өөрөө ядран бухимдаж ухаангүй мунхаг үгсийг мэдрэлгүй шахам урсгах нь зөндөө. Нэгэнт хиртсэн итгэл сэтгэлийг юугаар ч цайруулж үл чаддагийн адилаар би түүнд эргээд сайдаж хэзээ ч чадахгүй. Хэзээ хойно сэдэрсэн гунигтай дурсамж дундаа тэр хүний үйлдлийг санамсаргүй байдлаар "зөвтгөж" уучлах тохиолдол нэг биш. Бид заримдаа дотны хүнээ бие хүнийх нь хувьд өөрийн санаанд таацуулж бодохоос бус тэр хүний ард байгаа гэр бүл болоод олон асуудлыг олж харж чадаагүй байдаг. Би өөрөө энэ амьдралд шийдвэр гаргахдаа өөртөө хамааралтай зөндөө хүмүүсийн санаа бодол, хүсэлтэд таацуулж байдаг хэрнээ, өрөөл бусдыг тэр л хамтын орчингоос нь салгаж "ганц бие хүний" орон зайд олж хараад байдаг нь сонин. Тэр чинь бас л нуруун дээрээ амьдралын ачааг үүрч яваа гэдгийг бид тэгтлээ анзаарч боддоггүй.
Бид энэ амьдралд зөндөө олон хүмүүстэй өөрийн санаа бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө муудалцдаг. Тэртэй тэргүй эвлэж нийлэхгүй санаа бодлынхоо төлөө бусдыг үзэн ядаж, өрөөл бусдад муучлан ярьж, хамтдаа үзэн ядахыг ятгадаг нь бидний муу араншин. Тэгээд л сэтгэлийн мухарт хоргодсон үзэн ядалтаасаа болоод дахин дахин муудалцаж, уяан дээрээ эргэлдэх ноход шиг дахин дахин хуцан боргодог. Тэр тусмаа бидний сэтгэл дэх үзэн ядалтын хорсол буцалж, "заавал түүнийг чадах" муу хорлолдоо автан элдвийн мууг үйлдэх аж. Үзэн ядалт, өс хонзон  тэр хүнийг дандаа муу үйл рүү хөтөлж байдаг хорлолтой. Уг нь байна шүү дээ, бид дургүй хүмүүсээсээ зүгээр л зай барьж холдоод, дуртай сайн хүмүүсээ олж нөхөрлөх боломж энэ амьдралын орон зайд хангалттай бий. Дургүйцэж хорсоод байгаа тэр хүнээсээ зай барьж холдоод, мэндийн зөрөөтэй явах нь сэтгэлийн их амар амгаланг бидэнд авч ирдэг. Ирээд буцдэг энэ хорвоод, учраад салах тэр хүмүүсийн төлөө заавал сэтгэлдээ үзэн ядалт буцалгаж яана. Тэр хүн чамд таалагдахгүй байгаатай адил чи ч бас өөр зөндөө хүмүүст таалагдахгүй байгаа. Өөрийгөө бурхан юм шиг өмөөрч, өрөөл бусдыг шулам юм шиг муучлах нь бидний арчаагүй араншин. Заавал зууралдаж, өөрийгөө, бас өрөөл бусдыг тарчилгах хэрэг юун.
Надад таалагддаг хүмүүс зөндөө байдагтай адил, надад таалагддагүй хүмүүс зөндөө, амьдрал л юм чинь. Дургүй хүмүүсээсээ өөрөө холдож, энэ ертөнцөд хамтдаа хүн болж төрсөн заяанд нь талархан мэндэлж, дуртай сайн хүмүүсээ олж нөхөрлөхөд чиний амьдрал хүрэлцэнээ. Өөртөө таалагдаагүйн төлөө хэн нэгнийг заавал үзэн ядаж муулах хэрэг юун. Чи төгс төгөлдөр биш учраас чамайг хэн нэгэн үзэн ядаж, бас хэн нэгэнд муулж л суугаа. Зүгээр л дотоод сэтгэлээ ариусган санаа нийлэхгүй байгаа хэн нэгнийг ууч сэтгэлээр өршөөж, өөрийн хазайхгүй байгаа итгэл үнэмшилтэй адил төст нэгнийг олж сэтгэлээ хуваалцаж болно. Санаа нийлэхгүй байгаа хүмүүсийн сөргөлдөөнд өөрийгөө аваачиж нэг тавин эргэцүүлж бас болно. Сэтгэлд тань уучлах орон зай бий болдог юм. Цавуугаар наасан биш заавал өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх шаардлага юун. Тэр хүн өөрийн итгэл үнэмшил, өөрийн хүмүүжилтэй. Тэр хүн чамайг заавал үзэн ядахгүйгээр адил төст санаа бодолтой хэн нэгэн учирч л таараа. Их олон хүмүүс бидний амьдралд учирдаг. Заримыг нь хайрлан дурлаж, заримыг нь үзэн ядна. Энэ амьдралд УЧРАХ ЁСТОЙ ХҮМҮҮС УЧИРЧ, УУЛЗАХ ТАВИЛАНТАЙ ХҮМҮҮС УУЛЗДАГ" гэдэг юм билээ. Зүгээр л өөрийнхөөрөө амьдарч, өрөөл бусдыг ойлгон уучилж сур. Тэр хүмүүс заавал танд таалагдах албагүйтэй адил, та ч бас өөрөө хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ олон хүмүүст таалагдаж байгаа бол та тийм ч муу хүн биш юм аа.
 
                                                     Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах