sonin.mn
(тойрч боломгүй асуудлууд)
1. Түүхийн зурвас. XX-зууны эх, 80-аад онд бүх улс үндэстний эрх чөлөө амар амгалан бүтээгч цагийг билэгдсэн “ертөнцийн итгэлт буюу цагаан линхуа баригч” 80 тохой өндөр Жанрайсиг бурханийг монголчууд анхлан бас дахин бүтээснээр эрх чөлөө, их бүтээгч жилүүдийг дуудсан болой. 80-д он айсуй үед энх цагийн  их хүчин хураад үсрэнгүй хөгжлийн үүд хаалга нээгдэж буйг ихэнхи улс орон мэдэрч эхлэв. 80-д оны дунд үе гэхэд ЗХУ, социалист орнуудад эдийн засаг, оюун санаа, засаглалын хямрал даамжирч байхад хятадын шинэчлэл 10-аад жилийн өмнө богино хугацаанд явагдаж Дэн Сяо Пин тэргүүтэй удирдлага манлайлан нийгэм хөнгөрөн залуучууд, мэргэжлийн давхарга, үйлдвэрлэхүй хүчин урагш гарч ирсэн байна. Социалист ертөнцөд шинэчлэлийг сонгодог хэлбэрээр хийж бидний ад үзэн шоолж байсан утгаар бус улс орны хөгжилд чөдөр тушаа болж байсан хүнд суртал, хээл хахуул, мэргэжлийн бус дархлааг халж чадсан байна. Зориг ухаан гаргасны ачаар ард түмэн улс орон коммунистуудад ч хожил ирсэн.
 
Гэтэл өөрсдийгөө ревизионист биш гэж тунхаглаж байсан орос монголын коммунистууд шинэчлэл өөрчлөлт хэмээн хуурамч дүр эсгэн хоёр нүүр гаргаж муур хумсаа нуух адил атгаг санаа өш хорсол өвөрлөн молигдох сурсан зангаараа залуусыг аар саар эрх мэдэл эд хөрөнгө зэргээр тайвшируулж ар хударгаар нэр хүнд үйлсийг нь бүтэлгүйтэх бүхий л арга мэхээ хийсээр... 
 
Хөгжингүй капиталист ертөнц түүний нөлөө туссан улсууд үсрэнгүй хөгжих гарааны зурваст гарч, ЗХУ-ын хараат, социализмыг бараадсан орнууд ч дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэх сонирхол бий болов. Кремлийн коммунист сэтгэлгээ арга барил дэндүү хуучирч түүн дээр урьд өмнөх хөгжлийн дорой талууд нөлөөлж хараат сул дорой орнууд бүр их сандралд орсон билээ. Гэхдээ социлизмын сайн зүйлсийг өвлөн зөв хөдөлвөл хөөрхөн амжилт олох боломж байсан юм. Капитализм, социализм хоёр үйлдвэрлэхүй хүчин, шинжлэх ухаан, эрүүл ахуй, хүний хөгжил соёлыг хөгжүүлдэг, зохион байгуулалт сахилга бат нийгэмшилт сайн. Энэ нийгэмүүдийн сайн зүйлүүдийг авах хэрэгтэй гэсэн санаа бодол 60, 70-аад онд яригддаг байж билээ. Энд хятадын туршлага ихээхэн сонирхууштай байж л дээ. “Муу эзэнд учирсан улс иргэн, сайн эзний тэжээсэн нохой шувуунд үл хүрнэ” гэж Чингис хааны хэлсэн сургамж байдаг. Социалист нийгэмийг юу муухай харагдуулав: дэлхийн сайн сайн зүйлийг тусгах чадваргүй коммунист үхээнц номлол, удирдлагын хүнд суртал, хөшүүн зэвүүн сүлжээ, хэт төвлөрөл оюун санааны боолчлол, нийгэмийн бүх амьдрал төгөлдөржиж чадаагүй байв. Эрх баригчид нь “мэргэдтэйгээ” хамт дэндүү удаж, шинэ санаа үйлдлээс холдсон байв. Гарц нь үл хайрцагны нийгэмээс эртхэн салах оролдлого 1922, 1932 онуудад гарч 1962 онд Д.Төмөр-Очир 1964 онд Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын хэрэг нь төр улс түмэн олноо өмөөрч тулгамдсан асуудлыг тойроогүй, эдийн засгийн болон удирдлагын арга барилыг өөрчлөх хэрэгтэйг харуулжээ. Социализмаас материал  техникийн бааз, сахилга бат, аривлан хэмнэлт зэрэг авхийгаа авч хаях зүйлээ тэд бодсон байх . Гэвч зөвлөлтийг дагагч МАХН-ийн удирдлага муйхардсаар байв. 
 
 
2. Шилжилтийн үеэ алгассан уу. Социалист ертөнцөд социализмаа сайжруулах болон холимог боломж түүнээс салах талын онол байхгүй, хятадыг ойлгохгүй, бас нэрэлхүү зан, нууцлаг улс байсан биз. Орост коммунист намаа хууль бус гэж зарлаагүй сонгууль явуулаад Б.Н.Ельцин парламентаа буудаж байхав дээ. Гэхдээ коммунист намаа хөөн тараасан даа. 
 
 
ЗХУ дахь Горбачевийн өөрчлөн байгуулалт, Румын, Югославт гарсан хэрэг явдлаас манай сэхээтэн залуучуудын тэргүүний хэсэг зориг орон ардчилсан хөдөлгөөн өрнүүлснээр улс төрийн товчоог огцруулж, хэт төвлөрөл эрх чөлөө, оюун санааны хүлээс суларч эхлэв. Монголчуудын нүүдлийн соёл иргэншилд уул нуруу, ус мөрөн гатлан тив алгасаж байсан ч хаашаа нүүж хаана очихоо сайн судалсан байдаг.1911 оны ҮЭЧХ-ын дараа зах зээл таваар мөнгөний харилцаанд шилжиж эхлэнгүүт “ардын хувьсгал” тасалж феодал-хамжлагын шалгарал үзэлгүй шууд капитализм –хөрөнгөтний нийгмийг алгасч социализмд гэсэн уриа лоозонтой явж 70 жил болоод нөгөө социализмаа муулж хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна хэмээн шилжилтийн үеийг алгасаж эхэлжээ. Энэ бол нэгэн зуунд болсон паян. Төр улс, эх орон, ард түмэн, хэн нэгэн хэсэг бүлгийн тоглоом биш гэдгийг бидний түүх харуулдаг. Галын илч чандмань эрдэнэ болсон энэ гурван их хүч дурийн хүн хэсэг бүлэгт титэмээ олгодоггүй, эр зориг эрдэм ухаан, удам угсаа, дээрхи  гурвын зангилааг чангалж байх хүндээ олгодог. Тийм чадвар алтан урагт, бидний дунд эгэл жирийн амьдарлын дотор даруухан оршсоор байгаа. Одоогийн дээшээ гарч ирсэн хүмүүс чадах мэдэх зүйлдээ шамд, чадахгүй юмандаа бүү наалд. Төр түмэн нүдтэй шүү! 1990 оны 5-р сард АИХ үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа монгол улсын тусгаар тогтнол гадаад энх тайван бодлогоо зарлан шилжилтийн үеийг удирдан зохион байгуулах төрийн дээд цэц байгуулж 5-10 жилд шилжилтийн үеээ тунхаглах байсан болов уу.
 
 
Манай залуус 1990 оны 3-р сард УТТ-г огцруулаад сонгуулиар бид бүрэн ялалтанд хүрнэ хэмээн бодож мөн оны 9-р сард сонгууль явуулсан чинь АИХ-ийн 430 депутатын үнэмлэхүй суудлыг МАХН авсан үед шинэ үндсэн хууль боловсруулж батлах ажилд оржээ. Нам угшилтай нэгдлийн дарга бусад зүтгэлтнүүд 76 хоног маш их хэрүүл маргаантай хуралдаж  цохих мэдлэг аваагүй ард олноор үндсэн хуулийн төслийг яаруу хэлэлцүүлж 200 мянган санал гарсан гэх боловч шилжилтийн үе, засаглал, сахилга бат, эдийн засаг,  сонгуулийн талаарх үнэ цэнэтэй санал дутуу дулимаг тусгагдаж 1992 оны эхээр шинэ үндсэн хууль батлав. Үүний дараа 1992 оны 6-р сард УИХ-ын сонгууль болоход МАХН 71, бусад нам 5 суудал авч байлаа. Үүнээс харахад ардчилагчдад төрийн эрх мэдэл очоогүй бөгөөд Дэндүү олон юман дээр гэндсэн нь онолын бэлтгэл, боловсон хүчин, дэмжигчид дутмаг, 70-н жил ард түмний тархи толгойг угааж бат суусан МАХН-ын үзэл суртал, гишүүнчлэл, нам төр, олон нийт, бүх газар суурьшсан хүчнээс нийгэмээ аядуу тайван чөлөөлөх, эдийн засаг улс төр оюун санааны харилцааг өөрчлөхөд хүссэн хүсээгүй шилжилтийн үе зайлшгүй байв. Засгийн эрх мэдлийг гартаа авч социализм, 70-н жилийн түүхээ бүхэлд нь үгүйсгэхгүйгээр ухаалаг шилжилтийг 5-10 жилд хийж тэр ардчилал, хүний эрхээ жинхэнэ утгаар ярьж үндсэн хууль, сонгуульдаа орох байсан бол уу. Гэтэл сонгууль, үндсэн хууль г.м хачин сонголт хийн үр дүн нь хоёр нам, хүчин өвөр түрүүндээ орцгоосон нь өөрсдөө болон ард түмэн, улс орны хөгжил хохирсон үр дүн харагдаж байна. Шилжилтйн үеийн тухай олон түмний санаа бодол өргөн утга агуулж үндэсний түүх соёл, ёс заншил, буддын номлол, чингис хааны билиг сургаалаа түшсэн ил тод үнэнч шудрага, эрх чөлөөт, баян чинээлэг соёлтой, ардчилсан нийгэмийн дэвшлийг томъёолон сурталчилах, засаглал аж ахуй үйлдвэрийн удирдлагын хүнд сурталыг халж ардчилан хөнгөн шуурхай болгох, төвлөрсөн эдийн засгийг төр-хувийн хэвшилт капиталийн хэлбэрээр инженер технологийн ажилтан, мэргэжлийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмж дээшилж байхаар зохих үе шаттай, аажим хувьчлах олон үеийхний хөдөлмөрийн үр дүн төрийн өмч, ажлын байр, энх цагт бүтээсэн үйлдвэрлэхүй хүчин, оюуны чадамжыг хадгалан улам хөгжүүлэх, өмчгүй үлдсэн ард түмэн, нийгмээ өдөр бүр санаж сэдэж хөдлөх байжээ. 
 
 
3.Бид хаашаа явж юунд хүрэв. Таван формац (хэв шинж) –ын онолоор үзвэл: феодал, социализм, капиталын холимог нийгэм гэлтэй. Бас хүүхэд залуу үеийг уруу татсан мэдээллийн самуун, уран сайхны хөнгөмсөглөл “сургалт”, дураар байх хийрхлийн гэмээр.  Хүмүүнлэг ардчилсан нийгэм гэдэг бол комунизмтай төстэй социализмийн үлдэц МАН, төрийн гар харах, социализмаа санаашрах, “алтан үе”, ойнууд, гавьяа гэх мэт үзэл суртал олон нийтийн түшицтэй холын мөрөөдөл юм. Харин феодалын эдийн засгийн бааз: ченж, түрээс, мөнгө хүүлэгч, наймаачдын давхарга бэхэжсэн байна.Нийгэмд ус агаар мэт чухал капитал чөлөөт зах зээл шударга өрсөлдөөн ад үзэгдэж байгаа боловч цааш давших ёстой. АҮЯам олон яам хамтрах биз. Өмч хувьчлал 1994 оны сүүлч гэхэд тэр үеийн үнэлгээгээр 39 тэрбум төгрөгийн 9000 аж ахуй, үйлдвэрийн газрыг хувьчилсан байдаг. Цэнхэр тасалбараа чулуу болгосон айл өрх хүн бараг үгүй , ногдол ашиг хаана юунд байгаа нь тодорхойгүй айл өрх зөндөө.Алдарт 20-р тогтоол, өмч хувьчлалын мөнгө, хандивлагч орнуудаас өгсөн тэрбум гаруй долларын дэлгэрэнгүй тайлбарыг бид хүсэж байна. 
 
Үйлдвэр, аж ахуй, байшин барилгын үнэ гэж дансанд өрөвдмөөр тоо бий. Байгууллага бүрийн агуулахаар дүүрэн материал, хаягдал төмөр, байгалийн ан амьтан тэр бүү хэл танк, нисдэг тэрэг, пуужингийн эд анги хийх чадалтай 3,4-р цахилгаан станцын засварын газрууд эд ангиуд хүйтэн гараар орж хандивлагчдын өгсөн ихэнхи мөнгө цахилгаан станцуудын сэлбэг, доголдолд шингэж байсан нь тонолтоос үүдэлтэй гэдэг. Хувийн хөрөнгөө нарийлж албан эдийг хонжигсод хулгай дээрэм болох бөгөөд өргөө гэр доройтож төр улс мөхөн, дайсны өмнө ялагдах болой. Эдгээр муу зүйлийг хориглотугай, гэж эзэн богд Чингис хаан зарлиг болгосон юм. Төрийн өмч хөрөнгийг нүд үзүүрлэн хэсэг бүлгээрээ ая тал зассан байдлаар элдэв гавьяатын нэмэгдэл, үндсэн хууль баталсан гэх дөрвөн зуу гаруй хүн тус бүр далан сая бүгд хорин найман тэрбум төгрөг 150,000 оюутанд хавтгайруулан сар бүр 70,000  жилд 100  тэрбум төгрөг олгон арьс шир, ноос ноолуур ямаанд олгосон мөнгө зэрэг үзэмжийн феодал олговорыг даруй зогсоож буруутай этгээдээс ард түмэн хөрөнгөө төлүүлэх нь шударга зүйл мөн. Хүн бүрт хөдөлмөр бүтээмжээр цалин хөлс олгодог, ажилласан жил, хөдөлмөрийн шинж чанараар нь тэтгэвэр олгодог дэлхий нийтийн сонгодог зарчимыг зөрчиж болохгүй тусгай тогтоол үзэмжээр элдэв нэмэгдэл олгох нь хууль бус билээ. Тендер , лиценз гэж их бага түм буман өгөөш, 15 тэрбум долларын газрын наймаа явагдсан гэж хэдэн жилийн өмнө мэдээ гарч байлаа. Төв талбайн урд талын 2 шилэн барилга, Богд хан уул, Туулын хөвөө, Энхтайваны гүүр, баруун зүүн дөрвөн зам, Москва хороолол, төв цэнгэлдэх, хүүхдийн урлан, Автай сайн ханы цэцэрлэгт хүрээ, 40,50 мянгат, баянбүрд, гэсэр, урт цагаан, энхтайваны гүүрний хавь зэрэг их талбайнууд мөнгө арга зальтай хүмүүст очсон. 2003 оны үед газар хүссэн 4000 гаруй хүний өргөдөл хүлээгдэж 7 хүнээр гарын үсэг зуруулж байсан нь мэдээж авилга шүү дээ. Архи, тамхи ченжийн гүйлгээ, үй түмэн мухлаг, вар сав, ломбард, ББСБ, банк, валют солих цэг, сая шахам хүнийг мөлждөг түрээсийн баячууд, мэргэ төлөг, бөө удган чанаргүй элдэв сургалт гэх мэт баялаг бүтээхгүй феодал маягийн сорон мөлжигч давхаргууд үнэ хөөрөгдөн  чөлөөт өрсөлдөөн зах зээлийг ад үзэж нийгмийг тамирдуулан амар хялбар аргаар улам баяжих хүсэлтэй, тансаглах, зугаа цэнгэл муу зүйлд гар татдаггүй. Банкны хадгаламж 7 ихнаяд хүрч эзэмшигчдийн 5хан хувь нь нийт хадгаламжийн 90 гаруй хувийг эзэмшдэг. Бүтээгч хүчинд очих мөнгийг замаас нь уургалан капиталын хуримтлал, үйлдвэрлэхүй хүчний хөгжилд чөдөр тушаа болж К.Марксын нэрлэснээр нийгмийн шим шүүсийг сорогч “хувалз” болдог гэнэ. Юм бүтээх гэсэн нь элдэв хүнд суртал хээл хахуулд өртөн өндөр түрээс хүүний дарамтанд шатаж, бүхнээ алдах нь түгээмэл үзэгдэл. УБ төмөр зам, эрдэнэт, гар утасны их мөнгө гадгаш урсаар. Хүн амын ихэнхи нэн ядуу, ядуу бүлэгт орж төр засаг тэр ачааг даах чадваргүй болж байна. Биднийг урагш хурдтай ахиулах шинэ техник технологийн бааз суурь -машинт хүнд, хөнгөн аж үйлдвэр, шинжлэх ухаан үгүйлэгдсээр байна. 120 сая хүн амтай, дэлхийн эдийн засгийн 3-т жагсаж байгаа Япон улсад өдөр тутмын сонин, телевиз гарын арван хуруунд багтаж байхад манай жижиг оронд 400 гарч, 23000 гаруй ТББ, 20 шахам олон нийтийн нам, хэдэн мянган үзмэрч, бариа засалч бөө удгантай болжээ. Манай нийгэм хаашаа явж юунд хүрсэн нь тодорхой бус. Ихэнхи гажиг, явуулгын сүлжээ бүрджээ! Манай нийгэм эрүүлжиж, стандарт зөв хэм хэмжээ тогтоох асуудлыг хойш тавьж, тойрч болохгүй. 
 
 
Чингис хааны захисан ёсоор улс орон минь аюулгүй байдалаа байнга анхаарч байх хэрэгтэй, гэтэл бид замагт буу, нум сумаа хийж чадах уу? Төрийн кармааг суллан өөдтэй газруудыг нь хувьчилна гээд байдаг. Ядуучууд ихтэй аварга том хоёр гүрний завсар гадагш гарцгүй зэрэг онцлогууд монгол төрийн эдийн засгийн бааз суурийг сайн байлгах зайлшгүй шаардлагатай.  Үүнийг тоодоггүй хэсэг бүлэгбайна. Төр, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдлийн цаад учир шалтгааныг олж байх хэрэгтэй. 
4.Зарим хямрал үндсэн хуулиас эхтэй юу.1,5 жилийн дотор боловсруулсан шинэ үндсэн хууль монгол улсын бие даасан тусгаар тогтнол, гадаад энхтайван бодлогоо тунхаглаж хүний эрх, ардчилал өмчийн олон хэлбэрийг зөвшөөрч оюун санааны комминист боолчлолоос ард түмнээ чөлөөлсөн юм. Төр эргэх нүх сүвийг гаргуун хааж өгчээ.Нэг үг таслал алдаж болохгүй үндсэн хууль манай нийгмийг урагш хөтлөгч залуур, төрийн онол хууль цаазын тулгуур баримт бичиг байх ёстой.Улс орны амин чухал энэхүү баримт бичиг боловсруулж батална гэдэг төрийн өмнө улс орон ард түмний өмнө хамгийн өндөр хариуцлага, хоёргүй сэтгэл, оюун ухаан сэтгэлгээний дээд чадвар зориг тэвчээр шаардах ажил мөн. 1992 оны шинэ үндсэн хууль бий болгогчид маань цаг хугацаа туршлага мэдлэг дутсан бололтой. Шилжилтийн үеийг тойрон зарим цаг нь болоогүй заалт оруулж зайлшгүй тусгах ёстой заалтууд орхигдсон байна. Үйлдвэрлэх хүч, соёл боловсрол дэд бүтэц таран байршиж хот тосгоны ялгаа арилсан үед тохирох монгол улсын иргэн хаана ч шилжин суурьших эрхтэй гэсэн заалтыг барин УБ  хотод хэт бөөгнөрөл явагдан 500,000-р төлөвлөж байсан хүн ам 1,2  сая болж орон сууц, ажлын байр, газрын хүрэлцээ, эрүүл ахуй болон маш олон зүйлээр хохирч байна. Зарим нутаг эзгүйрэх байдал ажиглагдсаар... Төрийн өмч хөрөнгө, ажлын байр, нийгмийн асуудлыг бараг эзэнгүй орхин хамгаалж чадаагүйгээс цөөнхи завшиж олонхи  хохирон хямралт олон асуудал үүсээд байна. Эх оронд маань ороо бусгаа хямрал нүүрлээд байсан үед өдөр шөнөгүй ажиллах өндөр зохион байгуулалт, сахилга баттай байж нийгэм зүгширэх байтал ажлын 5 өдөрт шилжин бүтээгч их цаг хугацаа, сахилга дэг журам алдагдсан юм. Төр хоршоолол, олон нийтийн өмч хөрөнгө завшихыг хатуу хориглож хүнд суртал хээл хахууль үндэсний эв нэгдэл, бүтээлч бус хуримтлал (ченж, мөнгө хүүлэлт, түрээс г.м) –ын талаар заалт чухал байв.Тусгай хуулиудаар зохицуулагдах төрийн инстуцүүдийг дэлгэрэнгүй оруулсан мөртлөө төр ард түмний тулгуур эрх ашгийн эсрэг ноцтой гэмт хэрэг өмч хөрөнгөнд халдах, завших, үрэн таран хийх, нам хэсэг бүлэг үгсэн элдэв амлалт шан түгээх тэтгэвэрийн хуулиас гадуур олон янзын нэмэгдэл тогтоох төрийн бодлого нэр хүндийг гутаах үндэсний эв нэгдэл сахилга бат хууль цаазад харш үйлдэл, пиар дэлгэрүүлэхийг хориглох байжээ.
 
 
Хэн дуртай нь төр улсаа дайрч давшлан харааж зүхэн саалийн үнээ зараалын морь мэт хандаж байгааг ард олон зэвүүцэн дургүйцэж дэлхий дахины адил нийгмийн зохион байгуулалт сахилга бат дэг журам хөгжил дэвшлийг хангахуйц аливаа нам эвсэл сонгуулийн бус хамгийн ардчилсан ил тод шударга луйвар будлиангүй их дунд бага хуралдай, цэцдийн дээд зөвлөл гэх мэт төрийн өндөр ёс суртахуун залгамж чанарыг хүсэмжлэн сайн үндсэн хуультай нэг эзэн нэг үзэл номлолтой байхыг хүсч байна. Сайхан бүхний үндэс мөчир, нахиа жигүүр ургасан нийгэмийг бид бүтээх ёстой. Чингис хааныхаа туг дор нэгдэж нягтарцгаая. Өөрчлөлтийн алдаа завхарлыг засч залруулах 5 жилийн аян зохиож болох юм. Монголын нийгмийн өнөө үеийн шаардлагаар үндсэн хуулийг улам боловсронгуй болгож монголчуудын түүх соёлын үнэт зүйлсээр ард түмнийхээ сэтгэл санааг өөдрөг байлгаж түүхээ бүтээх хүсэл мөрөөдлийн залуур, хууль цаазаа дээдлэх шүтээн байж  доорхи бүтэцтэй байвал зүгээрсэн.
 
 
1. Бидний бахархал : Түүх соёлын тунгаамал хэсэг
2. Оюунлиг, эд баялагтай шударга нийгэм зорихуй:(онолын)
3. Их засаг оршихуй: Төрийн байгуулалт засаглалын талаар төр ард түмний эсрэг эдийн засаг, үзэл суртал улс төрийн үйлдлийг хориглох г.м
Монголчууд үнэнхүү их тэвчээр хүлээцтэй гэдэгээ түүх шашдиртаа олон удаа харуулсаар байна. Одоо ч долоо дахин хэмжиж оюун бодлоо цуглуулвал  боломжууд байж л байгаа. Харин тойрч боломгүй асуудал зөндөө болжээ.
 
Судлаач Н.Баатар