sonin.mn
Баасан гарагийн үдэш. Гэр хорооллын гудамж. Хөгшин хүний нүд шиг сүүмийсэн гэрлүүдийн тусгалд өмнөх замаа арайхийн харж, бүдэчисээр алхаж явтал хэн нэгэн хахир дуугаар хашхирахад өөрийн эрхгүй давхийн цочлоо. Зэргэлдээх хашаан дотроос халамцуу нэгэн хараал урсган хашхирах агшинд хажуухнаар ямар нэгэн амьд зүйл сүүтгэнэн гүйгээд, гудамжны мухарт очоод таг зогсчихов. Урагшаа алхах хэцүү, арагшаа ухрахад ч аймшигтай санагдавч согтуугаас сохор нь дээр учир урагш зориглон алхлаа. Хашааныхаа хаалгыг онгойлгон орохоор завдахдаа гудамжны мухар руу хэрэгт дурлан ширтэв. Гэтэл өнөөх хараал урсгасан хахир нэгэн юу юугүй ойртоод ирэх нь тэр. Хаалгаа хаагаад эргэх гэтэл хэн нэгэн цаанаас нь хүчтэй татлаа. “Миний дүү, эгчийгээ оруулчих. 
 
Эгч нь охинтойгоо хамт хашаан дотор чинь зогсож байгаад энэ хүнийг буцахаар гараад явчихъя” гэнэ. Лавшруулан харвал чармай шалдан бяцхан үрээ тэвэрсэн эх байлаа. Хараал зүхэл ойртсоор байсан учир хаалгаа нээн тэднийг орууллаа. Тэднийг хөтөлсөөр гэртээ оруулбал зогсоо зайгүй бөнжигнөн чичрэх бяцхан охин хоёр ой ч хүрээгүй бололтой. Түүний нүднээс нулимс ч дусахгүй, амнаас нь дуу ч гарахгүй агаад хацарт нь наалдсан хатсан нус л цөхөртлөө уйлсны гэрч болон үлджээ. 
 
Үрээ тэвэрсэн бүсгүй дан цамц, нимгэн өмдтэй агаад мөрөн дээрээ хуу татсны оромтой. Хөхөрсөн нүд, энд тэндгүй шалбарсан нүүрээ нуун дальдчиж байв...
 
Өдөр нь хоёр настай бяцхан охиноо харанхуй шөнөөр хүйтэн орцонд чармай нүцгэн гаргачихдаг харгис эхийн тухай уншиж, сэтгэл сэмэрсэн болоод ч тэр үү, энэ байдал надад хэтэрхий хүнд туслаа. Магадгүй иймэрхүү дүр зурагтай бид өдөр бүр биш юм гэхэд долоо хоногт дор хаяж нэг удаа таардаг. Тухайн үедээ жихүүцэж зэвүүцээд л өнгөрдөг. Гэтэл ганцхан өдрийн дотор зүрх эмтлэм хоёр ч үйл явдалтай учирсандаа л “Би ч бас эх хүн” гэдгийг минь сануулж байгаад үнэндээ л хачирхав. Үнэндээ бид ийм л хэнэггүй хүмүүс.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. 
 
Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас долоо хүртэлх насны 15 хүүхэд, 14-17 насны долоон хүүхэд амиа алдаж, 62 хүүхэд хүнд, хөнгөвтөр гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллага өгч буй. Гэтэл он гарснаас хойших тавхан сарын дотор 2-9 насны гурван охин бэлгийн дарамтанд өртөж, гэр бүлийн хүчирхийллээс болж хоёр ч хүүхэд хорвоог орхилоо. Гэвч энэ бол зөвхөн олонд мэдэгдэж, нийгмийн сэрдхийлгэсэн нь шүү. Үүний цаана олонд мэдэгдээгүй хичнээн далд хүчирхийлэл бяцхан үрсийг минь чичрүүлж буйг бид мэдэхгүй. 
 
Хамгийн хачирхалтай бага насны хүүхдүүдийн эрхэнд заналхийлж байгаа хүмүүс нь аав, ээж, хамаатан садан, нялхаас нь тэвэрч эрхлүүлж өсгөсөн ах, эгч нь, уулзах бүртээ амттан бэлэглэдэг хөрш нь байна. Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн золиос болж буй газруудыг жагсаахад дийлэнх нь гэр, орцны жижүүрийн өрөөнд үйлдэгддэг. Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл нь тэдний халдашгүй дархан байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Цаашлаад хүүхэд эрүүл мэндээр хохирч, сурч боловсрох эрхээ хязгаарлуулж, цэцэг цэврүү шиг насандаа сэтгэлийн хар толбо, амьдрах итгэлгүй болж байгааг сэтгэл зүйчид хэлсэн. 
 
Өнгөц харахад энэ асуудалд аав, ээж, асран хамгаалагчид буруутай мэт санагдаж байгаа биз. Гэвч энэ бүхэнд төр буруутай. Өдөр бүр сэтгэл зүйн дарамтанд амьдарч, инээж баясах насаа айдас түгшүүрийн дор өнгөрүүлж байгаа бяцхан үрсийн төлөө төр юу хийсэн юм бэ?
 
Монгол Улс хүүхдийн эрхтэй холбоотой олон улсын бараг л бүх конвецид нэгдсэн. Нэг сая гаруй хүүхэдтэй, хүүхдийн орны хувьд хүүхдийн эрхийг хамгаалах талаар бараг л өдөр бүр ярьдаг. Дээрх конвенциудын хамгийн энгийн заалтаар бол хүүхэд ээж аавынхаа халуун хайр халамжинд өсч хүмүүжих ёстой. Аав нь архи ууж зодож, ээж нь адалдаг болохоор өсвөр насны охид хөвгүүд гэр орноосоо дайжин буруу замаар орж байна. Тэр ч бүү хэл, тээж төрүүлчихээд, төөрүүлээд орхидог эцэг эхчүүд ч байна. Он гарснаас хойш олон нийтэд мэдэгдсэнээр 0-1 сартай арваад хүүхэд гудамжнаас олдсон. 
 
Монголд хүүхдийн төлөө ажилладаг 100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага байдаг ч тэд нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хийдэггүй. Юуны төлөө, хэний төлөө яаж ажиллаад байгаа нь даанч бүрхэг. Монголд хүүхдийн эрхийг хэн ч анхаарч ойшоохоо байсан. Үүнийг гэрчлэх маш олон хүчин зүйл нийгэмд бий. Ядаж л хүүхдийн амь нас хохирсон тохиолдолд чанга хуулиар хэрэгтэнг шийтгэж чадахгүй байна. Үүний шалтгаан нь хүүхдийн амь нас дэлгүүрийн хямдхан бараа мэт мөнгөөр хэмжигддэг болсныг илтгэж байна. Хүүхэд бие эрхтэн жижиг байлаа гээд үнэлэмж нь багасдаг гэх хууль байхгүй. Гэтэл яг тийм хууль манайд үйлчилж байна. Жишээлбэл хурдан морины хүүхэд амь насаа алдсан тохиолдлууд 100 хувь нөхөн төлбөрөөр шийдэгдсэн байдаг. Хамгийн харамсалтай нь эцэг эхчүүд нэгэнт босоод ирэхгүйгээс хойш гэж үзсэнээс нөхөн төлбөрийг нь аваад л бүхнийг сэтгэлдээ хав дараад үлддэг.
 
Тиймээс хүүхдийн төлөө дуугардаг байгууллага болон хувь хүмүүс юуны түрүүнд хүүхдийн амь насыг мөнгөний үнэлэмжээс салгаж, хууль зөрчсөн этгээдэд чанга хуулийг оноодог болох хэрэгтэй байна.
Магадгүй, хуулийн байгууллагынхан хүүхэдтэй холбоотой бүх жигшүүрт хэрэг ном журмын дагуу шийдэгдсэн гэж гүрийх л байх. Тэгвэл сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд байсан хэргүүд хэрхэн шийдэгдэв?
 
2014 оны эхээр олон нийтийн сүлжээ болон шар мэдээний хэд хэдэн цахим сайтаар өсвөр насны охины нүцгэн зураг цацагдсан. Дунд сургуулийн сурагч охин “Өргөө-1” кинотеатрын урд байрлах явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад халааснаасаа утсаа алдсанаас болж ийм хэрэг гарчээ. Охин анги хамт олон, сургуулийнхаа хүүхдүүдийн өмнө нүүр хийх газаргүй, ирээдүйд амьдрах итгэлгүй болчихсон байсныг тухайн үед medee.mn веб хуудас охинтой хийсэн ярилцлагаар хүргэсэн байна. Түүний сэтгэл хэрхэн шаналж, бусдаас ямар их ичиж буйг бидний хэн нь ч мэдэхгүй. Охины зургийг цацсан этгээдийг олох ажил тэгсхээд нам жим болсон. Хурал чуулган бүр дээр хүүхдийн эрхийг хамгаалж байгаагаа гайхуулдаг хүүхдийн төлөөх байгууллагуудын нэг нь ч энэ тухай ам нээгээгүй.
 
Гэтэл хоёр настай охин, найман настай хүүгээ танигдахгүй болтол нь хазсан эцэгт шүүхээс 3.6 жилийн оноов. 5 настай хүүгээ заазуурдсан Н.Довчинжамцад 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Дөрвөн настай охиноо хэрцгийгээр хөнөөсөн Н.Цогт, хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг шүүх хурал хойшилсоор л байгаа. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Н.Цогтод 5 жил, Г.Маралмаад 20 жилийн ял төлөвлөсөн гэж байгаа. 12 настай охиныг машинаар мөргөж, амь насыг нь хохироосон цагдаа ердөө л 4 жил хорих ял сонсов. Хажуу айлынхаа 4 настай охиныг зэрлэгээр хүчирхийлсэн Балтыг хил даван оргох гэж байхад нь баривчилснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон. Хуулийн байгууллагын эх сурвалж түүнийг өмнө нь 12 настай охиныг хүчирхийлээд мөнгө өгөөд шийтгэлээс мултарч байсныг нотолж буй.
Дархан-Уул аймагт хоёр настай охиноо байнга зодож, харанхуй шөнөөр хүйтэн орцонд чармай нүцгэн хөөгөөд гаргачихдаг харгис эхийн талаарх мэдээлэл иргэдийг сэрдхийлгэлээ. Иргэд энэ талаар тууштай хөөцөлдсөний эцэст тус аймгийн цагдаагийнхан охиныг хамгаалалтандаа авсан гэх боловч тэд түүнийг хэрхэн, яаж хамгаалах нь бас л бүрхэг.
 
Уг нь УИХ-ын эмэгтэй гишүүд энэ талаар талархмаар санаачлага гаргадаг. Тухайлбал, Д.Оюунхорол гишүүн “Монгол Улс гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болвол яасан юм бэ. Дэлхийн олон оронд ийм чиглэлийн яам байна. Монгол бол залуучуудын орон. Тиймээс хүүхэд залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого их системтэй цэгцтэй, залуу гэр бүлийг дэмжсэн, ээж аавыг гэр бүл болоход нь ерөнхий боловсролын сургуульд байхаас нь бэлтгэх шаардлагатай байна” гэсэн санал гаргаж байсан. Тэгвэл С.Одонтуяа “Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх тусгай утсыг яаралтай бий болгох ёстой. Одоогийн байдлаар хүүхдээ хүчирхийлээд байгаа тэр эцэг, эхчүүдийн сэтгэл зүйд юм хийе гэхээр улсаас баталсан нэг ч төгрөг байдаггүй. Зөвхөн хорооны цагдаа, нийгмийн ажилтан хоёрыг л ажилла гээд орхичихсон. Нөгөө хоёр нь хүч, хөлсөөс болоод хүчирдэггүй. Үүнийг төрийн бодлогын анхаарлын төвд оруулъя. Өнөөдөр хүүхдийн эрх хохирч байна гэвэл энэ бол төр, засгийн буруу. Эцэг, эхийн буруу, бас багшийн буруу. Хүүхдийг багаас нь зөв иргэн болгож төлөвшүүлэхэд маш их хөрөнгө мөнгө зарах ёстой” гэсэн байна. Түүний хэлсэнчлэн хүүхдийн 108 утсыг 2014 оноос үнэ төлбөргүй болгосон бөгөөд тус оны зургаадугаар сараас хойш нийтдээ 93454 дуудлага ирсэний 4200 орчим нь зорилтот дуудлага байсан байна. Харамсалтай нь дээрх дуудлагын дагуу 4200 байтугай, 42 асуудлыг шийдвэрлэлээ, бодит үр дүнд хүрлээ гэж би л хувьдаа сонсоогүй. Таныг ч бас сонсоогүй гэдэгт итгэлтэй байна.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хүүхдийн хүчирхийллийг бууруулах, тэмцэхэд хуулийн орчин маш муу байна. Хуулийн орчин муу байгаа учраас хүүхдийг хүчирхийлсэн нөхдийг өөгшүүлдэг, хаацайлдаг байдлыг нь даамжрахад нөлөөлж байгаа юм. Энэ утгаар Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг маш тодорхой болгон хүндрүүлсэн. Хуулийнхаа орчныг сайжруулахаар үр хүүхдээ хүчирхийлсэн, зодсон этгээдийг хатуу шийтгэж эхэлнэ” гэсэн нь миний хэлэх гэсэн санаатай яг таг нийцэж байгаа юм. Гэтэл манай түшээд яагаад хүүхдийн эрхийг хамгаалсан хуулийн заалтыг чангатгахаас бэргээд байдаг юм бэ?
 
Ирээдүй хойч үе минь харанхуй гудамжны мухарт, хүйтэн орцонд, траншейны нүхэнд, тэр ч бүү хэл төрсөн гэрийнхээ өнцөг буланд шигдээд уйлж байна. Хүүхдийн хувь заяа эцэг эхийн биш, төрийн гарт байдаг. Хүүхэд элэг бүтэн, элбэг хангалуун өсөх эрх алдагджээ гэж бодъё. Хүлээн зөвшөөр. Гэвч элэг бүтэн биш ч хэн нэгнээр хайрлуулж, элбэг хангалуун биш ч амьдралын наад захын хэрэгцээгээр дутагдаж гачигдалгүй, аз жаргалтай өсөх эрхтэй. 
 
Үүрэг хариуцлагаа мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, мэдсэн ч ойшоодоггүй эцэг эхчүүдийн эцэг, эх байх эрхийг нь хасъя. Айдас түгшүүрийн дор амьдарч буй хүүхдүүдийг улсын асрамжинд авч эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй аав, ээжүүдийг нь хөдөлмөр эрхлүүлье. Тэд үр хүүхдээ амьдралын наад захын хэрэгцээгээр хангах үүрэгтэй. Энэхүү үүргийг нь албадан хэрэгжүүлье.
 
Эх сурвалж: