sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны, найрсаг айлчлал өнөөдөр өндөрлөнө. Монголчууд бидний Жагарын орон хэмээн эрхэмлэн дууддаг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нь 2014 оны тавдугаар сарын 26-наас Энэтхэг улсын 15 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байгаа, “Брахатьяа Жаната” намын дарга, эдүгээ 64 настай улстөрч ажээ.
 
Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших нэг тэрбум 250-аад сая хүн амтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд долоодугаарт, хүн амынхаа тоогоор хоёрдугаарт, эдийн засгийн нийт хүчин чадлын хэмжээгээр зургаадугаарт эрэмбэлэгддэг агуу их Жагарын оронтой Монголчууд бид албан ёсны дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж байгаа бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Энэтхэгийн Ерөнхий сайдын албан ёсны анхны айлчлал ийнхүү болж байгаа юм. 
Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын нэг гол сэдэв уран байх тухай Энэтхэг, БНХАУ-ын хэвлэлүүдээр мэдээлсэн. Монгол Улс Энэтхэгтэй уран нийлүүлэх гэрээг 2009 онд хийсэн боловч өнөөг хүртэл нийлүүлэгдээгүй байгаа нь Монгол дотооддоо ураны олборлолтын асуудлаа шийдэж чадаагүй байгаатай холбоотойг ч мэдээлж байсан. Харин Ерөнхий сайд Н.Модигийн түүхэн айлчлал дээрх ажлыг түргэсгэх нь дамжиггүй. 
 
Ерөнхий сайд Н.Моди гадаад бодлогодоо Монгол Улсыг чухалчлан үздэг нь Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар анх удаа хийсэн энэхүү айлчлалаас тодорхой харагдав. Өчигдрийн морин цагт албан ёсоор айлчлалаа эхлэсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нерандра Модиг Чингисийн талбайд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг угтан авч хүндэтгэл үзүүлсний дараа хоёр Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн. 
 
Хоёр Ерөнхий сайдын хэлэлцээрээр Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон нь Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын эхний сюрприз байсан юм. Мөн Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200 болгож, Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах, Аюулгүй байдлын салбарт ихээхэн ач холбогдол өгч, хилийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахаар болов. Батлан хамгаалахын түвшинд кибер аюулгүй байдлын төв байгуулна. Түүнчлэн худалдаа хөрөнгө оруулалт хэвийн байгаа ч тодорхой хязгаарлалт байгаад анхаарч хоёр талаас шинэ боломжийг нээж ажиллахаар тохиролцсон нь Ерөнхий сайд Н.Модигийн ганзагалж ирсэн үүц байлаа.
 
Энэтхэг, Монгол хоёр улс харилцаагаа иж бүрэн түншлэлийн шатанд гаргахаар тохирч, хэд хэдэн зүйлийг тохирсон байдаг. Тухайлбал, хоёр орны хооронд өндөр хэмжээний айлчлалыг байнга солилцох, хоёр орны Гадаад хэргийн яамд хоорондоо тогтмол зөвлөлдөж байх, Энэтхэг Улсын болон Монгол Улсын Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлүүд хоорондын зөвлөлдөөнийг, хоёр талын сонирхсон бүс нутгийн болон олон улсын асуудлаар, үүний дотор терроризмтай хамтран тэмцэхийг оролцуулан тогтмол зохион байгуулах, худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монголын уул уурхайн салбарт Энэтхэгийн компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулахыг дэмжих зэрэг олон асуудлыг тусгасан байдаг. 
 
Ийнхүү тун удахгүй хүн амынхаа тоогоор БНХАУ-ыг ч давж, эдийн засгийнхаа нийт хүчин чадлаар АНУ, Японыг ч ардаа орхих магадлалтай агуу их Жагарын орон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нерандра Модигийн Монголд хийж байгаа түүхэн айлчлал өнөөдөр өндөрлөж, тэрээр БНСУ руу хөлгийн жолоог залах ажээ.
 
Эх сурвалж: