sonin.mn
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, мөн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээллийн эхэнд, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр болсон УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгасан. Бид сайн нөхрөөсөө урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч болно. Гэхдээ хөнгөлөлттэй зээл болгоныг “шар тос” гэж хүлээж авч болохгүй” хэмээн онцлоод "ОУВС-гийн стэндбай хөтөлбөрийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол, тулгалт шаардлага явж байдаг. Ер нь МАНАН-гийн Засгийн газрын үед энэ хөтөлбөрт хамрагддаг нь гайхал төрүүлж байна. Өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 40 хувьд барина гэж намууд Засгийн газрыг байгуулахдаа амалсан ч өнөөдөр 60 хувьд хүрсэн.  Зээл гэдэг бол өнөөдөр хэрэгтэй ч улс орны ирээдүйд хохиролтой. Бид 2017 оноос өр зээл төлж эхэлнэ. Гэтэл өнөөдөр Монгол Улс 1 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай ажиллаж байна. Хоёр нам өнөөдөр улс орныг улстөржүүлсэн байдалтай авч явж байна. Ер нь Засгийн газар дотоодын нөөц боломжийг ашиглахгүй, зөвхөн зээл тусламжид дулдуйдаж байна. Засгийн газар ажиллахгүй байна” гэв.
 
 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ долоо хоногт хэлэлцэх зарим хуулиуд дээр бие даагчдын байр суурийг мэдээлсэн юм. Тэрбээр, “Энэ долоо хоногт 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 төсвийн төсөөллийн хэлэлцүүлэг болно. Эдгээр хуулиуд дээр эдийн засгийн өсөлт болон төсвийн үзүүлэлтийг яаж авсан бэ гэдэг дээр хэдэн үг хэлье. Өнгөрсөн оны үзүүлэлтээр манай улсын эдийн засгийн өсөлт 7,8 хувьтай гэж гарсан. Гэтэл Энэтхэгийн Ерөнхий сайд өчигдөр хэлсэн үгэндээ Энэтхэг улс дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, 7,4 хувийн өсөлттэй байна гэсэн. Энэ үгийг бодохоор бид эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх хэмжээнд явж байна гэсэн үг. Гэтэл бид яагаад хямраад байна вэ. Энэ нь Оюутолгойн баялаг манай улсын ДНБ, экспорт дээр тооцогдож байгаа ч валютын орлого дээр байхгүй байгаатай холбоотой. Валютын орлого дээр Оюутолгойн нийт борлуулалтын орлогын 5 хувь нь орж байгаагаас бид тэргүүлэх хөгжилтэй эдийн засагтай орон гэгдэж байгаа ч зээл авч байна, хямарч байна. Мөн хоёр нам Засгийн газарт хамтрахдаа улсын өрийг нэмэхгүй улсаа хөгжүүлнэ гэж байсан ч одоогийн ажиллаж буй арга барилыг харахад өр тавих сэтэхүйгээр ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа ч дэд сайдын орон тоогоо хөдөлгөхгүй хадгалсаар байна. Цалин төсвийн орлогоос хамаарна гэсэн нь цалин тэтгэвэр нэмэхгүй гэсэнтэй адил уншигдаж байгаа юм. Өнөөдөр яагаад эдийн засаг хямарч байна вэ гэдэгт хариулт өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт баялагийн мөнгө Монголд орж ирэхгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, баялагийн мөнгөө 1,5 саяын хувь хишигт тараасан, тэр мөнгөө зээлээр босгосон. Гуравдугаарт үнэ тогтворжуулах хөтөлбөрөө оновчгүй зохион байгуулсан. Энэ маягаар явбал монголын өр их хэмжээтэй болох нь ээ” гэлээ.
 
Энэ долоо хоногт "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг баримт бичигт өнөөгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхээр тусгасан ч хамгийн гол нь бие даасан эрчим хүчний системтэй болох асуудлыг бүрэн дүүрэн тусгаагүй байна хэмээн бие даагчид үзэж байна. Үүний зэрэгцээ Прокурорын байгууллагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд дээр нийтийн аюулгүй байдлыг хангасан байх гэсэн шаардлагыг тавьж ажиллана гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг