sonin.mn
УИХ-ын МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Хүүхэд хамгаалах тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Таван толгой төслийн талаар хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийв.
Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуультай холбоотой УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн төслийг хамтатган хэлэлцэх шаардлагтай гэж үзэж байгаа. Бид улс төр, эдийн засгийн асуудал ярихаас өмнө эх орныхоо ирээдүй болсон хүүдийн эрхийг хамгаалах нь чухал. Хүүхдийг эх оронч хүмүүжилтэй, эрүүл, хүнлэг хүн болж төлөвшихөд эцэг эхийн үүрэг оролцоо томоохон байр суурь эзэлнэ. Өргөн барьсан хуулийн төсөлд хэд хэдэн зүйл дутуу байна. Тухайлбал, орон нутгийн хүүхдүүдийг ЕБС-д элсэхэд нь заавал 6 настай байх гэсэн шаардлагыг болиулж 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэх боломж бий болгох, нийслэлийн сурагчдыг хичээлийн цагаар нийтийн тээвэрт үнэгүй зорчих боломжийг нээх зэрэг асуудал байна. Түүнчлэн хүүхдийг гэр орондоо хараа хяналтгүй үлдээсэн эцэг эхэд хариуцлага хүлээлгэдэг болох, хувийн автомашинаар сургуульд нь хүргэж өгдөг бол зориулалтын аюулгүйн бүс зүүх гэх мэтийг хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөлд тусгахаар ажиллана хэмээн бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
 
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль яригдаад хагас жил болж байна. Энэхүү хуульд “Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэхүү хууль үйлчилнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс бүгд энэ хуульд хамарна гэсэн үг. Энэ нь хууль зөрчиж, мөнгө зувчуулсан төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө ил болгож, эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн. 2012 оны УИХ-ын Сонгуулийн дараа Ардчилсан нам санхүүгийн томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайдлбал, Самурай, Чингис бонд болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт суулгасан 3.8 их наяд төгрөгийг дурьдаж болно. Энэхүү хөрөнгийн зарцуулалтад МАН-аас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байхад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж болохгүй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Таван толгойн гэрээний төслийг УИХ-д өргөн бариад 21 хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна. МАН энэхүү төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Төслийг яаралтай хэлэлцэж, нийгэмд мэдээлэл хүргэх шаардлагатай. Одоогоор АН-ын бүлгээс УИХ-ын даргын шийдвэрээр ажлын хэсэг байгуулан судалж байгаа гэсэн нэрийдлээр удааширч байна.Мөн Засгийн газрын хуралдаанаар энэ төслийн 51 хувийг төр эзэмших тухай хэлэлцсэн гэсэн. Өмнө нь 100 хувь төр эзэмших тухай ч ярьсан. Тиймээс яаралтай хэлцэж, ойлголтын зөрүүгээ арилгах нь чухал” гэв.
 
Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авав.
 
-МАН-ын бүлгээс Ард нийтийн санал  асуулга явуулах тухай тогтоолын өсөл өргөн барьсан. Хэзээ хэлэлцэх вэ. Ямар асуудлууд тусгасан бэ?
 
-С.Бямбацогт: Сонгуулийн хууль хэлэлцэхтэй холбогдуулж энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал орсон. Үүнтэй холбогдуулж намрын чуулган завсарласан, хаврын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо очиж иргэд, сонгогчидтой уулзсан. Энэ үед сонгуулийн тогтолцоо ямар байвал дээр вэ гэдэг иргэдийнхээ саналыг сонссон. Үнэхээр хөдөө орон нутагт явж байхад намын жагсаалтаар сонгогддог буруу юм байна, хүнээ мэддэг байж сонгодог больё гэж байсан. Энэ дагуу хаврын чуулганы эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Ард нийтийн санал явуулах тухай тогтоолын төслийг санаачилж Засгийн газраас санал авахаар явуулсан. Засгийн газарт  санал өгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр хугацаа нь  дууссан. Өнгөрсөн долоо хоногт хуулийн дагуу УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Ард нийтийн санал асуулгаар иргэн сонгогч УИХ-ын гишүүнийг сонгохдоо намын жагсаалтаар сонгох нь зөв үү, эсвэл хүн дугуйлдаг байх нь зөв үү гэсэн асуулттай санал асуулгын төслийг өргөн барьсан. Энийг цаашид хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Санал асуулга дээр тулгуурлаж тогтолцоо тодорхой болох байх. Санал асуулга явуулах хуулиар хоёр асуудлаар хэлцэж болдог хуулийн заалттай. Энэ дагуу хоёр дахь асуулт нь Үндсэн хуулийн өөрчлөлтүүд байж болно. Хамгийн гол нь яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж байна.
 
-Ард нийтийн санал асуулгын зардлын хувьд?
 
-Зардлын хувьд холбогдох тооцоо судалгааг СЕХ-ноос гаргасан. Хуулийн дагуу санал асуулга явуулах юм бол дөрөв орчим тэрбум төгрөгийн зардал гарна. Санал асуулга явуулах хэлбэрүүд байна. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг сайд гар утасны мессежээр санал асуулга явуулж байсан. Бүр болохгүй бол ийм хувилбар байхыг ч үгүйсгэхгүй.
 
-Тавантолгойн асуудлыг яаралтай явуулах ёстой гэлээ. Бүлгээс ямар нэгэн шийдвэрт хүрсэн үү?
 
-Д.Хаянхярваа: Тавантолгойн асуудлыг одоо УИХ хэлэлцээд явуул. Явуулахдаа консорциумын гэрээнд ямар, ямар өөрчлөлт оруулав гэдгээ ажлын хэсгээс тодорхой санал гарган хэлэлцээд явах ёстой. Явуулах боломжгүй гэвэл нийтэд мэдээллэх ёстой гэдэг байр суурьт хүрсэн. Тиймээс Тавантолгойн төслийг ойрын үед УИХ-аар шуурхай хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргах ёстой.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг