sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаар ахлуулахаар шийдвэрлэсэн.Тус хуульд ямар өөрчлөлт орж байгаа талаар олон нийт ойлголт бага байгаа тул УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас энэ сэдвээр тодруулга авлаа.
 
-Өнөөдөр төсвийн орлого буурч байгаа энэ үед Татварын багц хуулийг шинэчлэх нь зөв үү гэсэн асуудлыг нийгэм хөндөж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
 
-Татварын хуулийг хэлэлцэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь төсвийн орлого байна уу, байхгүй юу гэдэгтэй хамаатай асуудал биш юм. Угаасаа татварын тогтолцоо эрүүл саруул, ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой. Тэр утгаар нь тус хуулийг илүү боловсронгуй болгох шаардлага байна гэж үзсэн. Өмнөх Татварын хууль батлагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд олсон ололт ч бий, алдсан алдаа ч бий. Энэ бүхнийг эргэж харж, алийг нь цааш аваад явах, алийг нь орхихыг  дээр шийдэх цаг нь болсон.
 
-Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль УИХ-д орж ирснээр иргэд, аж ахуй нэгж татвар төлөхөө байсан  гэх яриа байна. Энэ хоёр хуулийг цаг хугацааны хувьд ойрхон эсвэл хол хэлэлцэх байсан гэдэг дээр та ямар тайлбар өгөх вэ? Мөн эдгээр хуулийн хооронд уялдаа байна уу?
 
-Том албан тушаалын улс ямар үр дагавартайг бодолгүй нэг юм зарлачихдаг. Тэгэхээр ард иргэд нь үнэхээр л тэгэх юм байлгүй дээ гэж хүлээж л таарна. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг үндсэндээ хоёр жил ярьж байна. Хоёр жил гаруйн хугацаанд ямар нэг байдлаар хүлээлт үүсчихсэн. Тэр нь улсын орлого талд ямар нэг ачаалал үүсгээд байгаа нь үнэн л дээ. Тийм учраас татварын өршөөлийн тухай асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Би зөв ойлгож байгаа бол, татварын өршөөлийн асуудал нэг их яригдахгүй байх. Харин Эдийн засгийн ил тод байдлын тухай асуудал түлхүү яригдах байх. Энэ дотор нь эрх зүйн зохицуулалтыг хийж таараа. Миний ахалж буй Татварын ерөнхий хууль, татварын багц хуулиудыг өөрчлөх ажлын хэсэг дотор өршөөлийн асуудал огт ороогүй.
 
-Татварын багц хууль батлагдвал ямар өөрчлөлт орж ирнэ гэсэн үг вэ?
 
-Хэд хэдэн асуудлыг шийдэх гэж оролдоно. Нэгдүгээрт, өнөөгийн татварын хууль уншигдаж байгаа байдлаас хамаарч маш олон аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд гэмт хэрэгтэн болчихоод байна. Өнөөдөр 10 гаруй мянган аж ахуй нэгжид хэрэг үүсгэчихсэн байгаа. Бараг 4 аж ахуй нэгжийн нэг нь татварын гэмт хэрэгтэн болсон байна. Тэгэхээр яаж энэ улс орон хөгжих юм бэ, яаж орлого нь бүрдэх вэ. Яагаад эд нар асуудалд холбогдоод байна вэ гэхээр цагдаадаа асуудал байгаа юм биш. Хууль нь тэгж тайлбарлах бололцоог бүрдүүлээд байгаа хэрэг. Тэгэхээр шинээр гарах хуулинд татварын энэ бүх заалтыг нэгбүрчлэн авч үзэж байна. Яагаад хоёр уншигдаад байна, энэ бүхнийг засч залруулна. Энэ нь техникийн шинж чанартай ажил ч асар их хугацаа шаардана. Дараагийн нэг багц асуудал бол эдийн засгийн урамшууллын тогтолцоог хэрхэн бий болгох юм бэ гэдэг асуудал орж ирнэ. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэр асуудал Татварын хуулинд ямар хэлбэрээр туссан байх вэ. Орон нутгийн хөгжлийг баталгаажуулж өгье гэдэг. Тэгвэл орон нутгийн хөгжил  татварын хуулиар дамжиж яаж илэрхийлэгдэх вэ гэх мэт асуудлыг тусгаж өгнө.
 
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг