sonin.mn
Техник технологи хөг­­жихийн хэрээр байгаль дэлхий өөрийн үндсэн шинжээ алдаж буй өнөө цагт дэлхийн улс орнууд ундны усандаа анхаарал хандуулах болсон. Гэвч монголчууд бид цаг үргэлж “ус-чандмань эрдэнэ” гэж үглэх боловч тэрхүү нандин эрдэнээ төдийлөн хайрлаж хамгаалдаггүй. Харин энэ сарын 18-наас халуун усны хэрэглээг хязгаарлах шийдвэр гарснаар хүүхэд, хөгшидгүй “усгүй яана аа” хэмээн сандралдаж эхэллээ. Ийнхүү усгүй бол амьдарч чадахгүйгээ гэнэт ойлгох энэ үеэр Ус сувгийн удирдах газар “Хот ба ус” өдөрлөг зохион байгуулсан нь тун ч цагаа олсон үйл явдал боллоо.
 
Тус байгууллага Улаан­­баатар хотын усны хэрэгцээг долоон эх үүсвэрээс 586 км цэвэр усны шугамаар хангаж, хоногт дунджаар 150-160 мянган шоо метр ус түгээж буй. Мөн бохир усны 168.2 км шугамаар хоногт дунджаар 150-170 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулдаг аж. 
 
Цэвэр усны долоон эх үүсвэрийн тогтоосон нийт нөөц нь хоногт 286 мянган шоо метр. Одоогийн байдлаар Нийслэлийн цэвэр усны хоногийн хэрэглээ 152 мянган шоо метр байна. 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгvй нөхцөлд амьдарна гэсэн тооцоо гарсан. Харин Улаанбаатарын хоногийн хэрэглээ 252 мянга болж өсөх боловч энэ хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж УСУГ-ынхан ярьсан нь чихэнд чимэгтэй сонсогдов. 
 
Чин үнэнийг хэлэхэд бид түгээх усны хэмжээнд бус түгээж буй усны чанарт хамгийн их санаа зовдог улс. Тэгвэл УСУГ-ынхан өөрийн лабораториор өдөрт дунджаар 20-25 удаа, улсын стандарт MNS 0900:2005-ыг удирдлага болгон, усанд физик, хими, болон нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийдэг байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас давхар хянадаг гэнэ. Тэгэхээр усны чанарт эргэлзэх хэрэггүй гэсэн үг. 
 
Үүдэндээ “Хориотой бүс” гэсэн анхааруулах бичигтэй, өргөст тортой хашаагаар хүрээлүүлсэн нэг давхар шар байшин энэхүү өдөрлөгийн үеэр танилцсан анхны содон “танил” маань болов. Энэ бол шинээр байгуулагдсан Нисэхийн цэвэр усны станц юм. Онцгой хамгаалалттай энэхүү обьект руу нэвтрэхийн тулд дээд газрын зөвшөөрөл, регистрийн дугаар хэрэгтэй гэнэ. Нисэх орчмын иргэдийг цэвэр усны нөөцөөр хангах зориулалтаар уг станцыг өнгөрсөн онд төсвөөс 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж байгуулсныг УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн инженер Ш.Энхжаргал онцолсон. 
 
Энэхүү станц нь хоногт 22 мянга 500 шоо метр ус олборлох хүчин чадалтай. Одоогийн байдлаар хүчин чадлынхаа 10 хувь буюу хоногт 1500-2000 мянган шоо метр ус хэрэглэгчдэд нийлүүлж буй. Хамгийн гол нь эх үүсвэр бүрэн автоматчлагдсан аж. Хотын бөөгнөрөлөөс зугтаж, цэвэр агаар, цэнгэг орчиныг сонгох болсон иргэд Нисэх, Яармагийг олноороо зорьж байгаа. Энэ ч утгаараа энд томоохон төвлөрөл бий болох нь тодорхой болсон. Ийм үед цэвэр усны асуудлаа урьдчилан шийдсэн нь сайшаалтай санагдлаа. 
 
Харин дараагийн “танил” маань Яармагийн цэвэр усны станц байв. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хойно орших тус станцыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA”-гийн 22.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны зургаадугаар сард ашиглалтад оруулжээ. Эл станц Яармагийн шинэ хорооллыг цэвэр усаар хангах учиртай. Хашаандаа нарны зайн хураагуур байрлуулснаар цахилгаан тасарсан үед удирдлагын системийг 4-5 цаг тасралтгүй хангах боломжтой цацраг хэлбэрийн гүний худаг нь Монголдоо анхдагч. Тодруулбал, 6000-ын диаметртэй ганц л том гүний худаг энд байна. Эндээс найман зүг рүү цацраг хэлбэрээр салбарласан хоолойтой. Нэг цацрагийн урт нь 22 метр. Найман хоолойгоор усаа татан, усан сандаа төвлөрүүлнэ. Одоогоор энэхүү худгийн хүчин чадлын зөвхөн нэг хувийг ашиглаж байгаа гэхээр шинэ Яармаг хороолол баригдах үед найдвартай усаар хангах боломжтой аж.
 
Тэгвэл урьдчилсан цэвэрлэх байгууламж энэ аяллын туршид үзсэн бүхнээс хамгийн ихээр анхаарал татав. Хан-Уул дүүргийн Үйлдвэр комбинатад орших “Харгиа” /хуучин нэрээр/ байгууламжийн хашаагаар ороход тийм гэхийн аргагүй “гоё” үнэр ханхийж байлаа. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгаад НИТХ-ын 89 дүгээр тогтоолын дагуу 2013 оны наймдугаар сараас эхлэн УСУГ-ын харьяа болсон эл газарт асуудал их. Арьс, шир, ноос ноолуурын 28 үйлдвэрийн хэрэглэсэн бохир усыг цэвэрлэж Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх нь энэ газрын үндсэн үүрэг. 
 
Гэвч 43 жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш техникийн дорвитой шинэчлэл хийгдээгүйгээс тоног төхөөрөмж нь их мууджээ. Техникийн бүрэн шинэчлэл хийхэд 35-40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь, ууж идэх, аялж зугаалах болохоороо урагшаа зүтгээд, улсаа хөгжүүлье гэхээр арагшаа ухардаг манай төрийн түшээд энэ хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргахад гар татах байх л даа.
 
Урьдчилсан цэвэрлэх байгууламж 43 ажилтны орон тоотой. УСУГ-т шилжиж ирэхээс өмнө нэг хэсэг хүн тогтож өгдөггүй учир нөхцөл байдал маш хүнд байсан гэнэ. Ажлын байрны хэвийн бус нөхцөлд тооцогддог энэ газарт олон жил ажилласан хүн цөөн. Хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах, хор саармагжуулах зорилгоор сүү өгдөг болсноор ажилчдын эрүүл ахуйн байдал арай л дээрдсэн аж. 
Гэхдээ энд “арай л” гэдгийг дахин тодотгоё. Энэ байгууламжтай танилцахаар ирээд цаг ч болоогүй атал анх сэнгэнэж байсан үнэр хувцасанд бүрэн шингэчихсэн байсан. 
 
Тэгэхээр ажлын хувцас хэрэгсэл, сүү төдийхнөөр эндхийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалчихаж чадахгүй нь ойлгомжтой.
Эндхийн удирдлагууд “Эрүүл мэндийн судалгааны төв”-д санал хүргүүлсэн гэнэ. Тэд судалж үзээд хортой нөхцөл гэж тогтоож өгвөл тэнд ажиллагсдад нэмэгдэл цалин олгох боломжтой болох юм гэсэн. Хэрэв энд ажиллах хүн үгүй бол бид цэвэр, чанартай ундны ус хэрэглэнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Тэгэхээр ард иргэдийг аюулгүй, эрүүл усаар хангахаар эрүүл мэндээрээ дэнчин тавьж зогсоо тэдний аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхөд анхаарлаа хандуулаач гэж холбогдох байгууллага, албан тушаалуудад нь уламжилъя.
 
Эх сурвалж: