sonin.mn
Монгол Улсын  Засгийн газар, ХАХНХЯ, Азийн Залуучуудын зөвлөл болон МЗХ хамтран Азийн Залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдэвт чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг чуулганы талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон нар мэдээлэл хийв.
Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгож байгаад энэхүү чуулганы зорилго оршиж байна хэмээн С.Эрдэнэ сайд онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, чуулганд дотоод, гадаадын 23 орны бодлого боловсруулагч, судлаач, эрдэмтэн, шийдвэр гаргах түвшний нийт 600 орчим зочин төлөөлөгч оролцож, Азийн болон дэлхийн хөгжил, тэдний улс орондоо оруулах хувь нэмрийн талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцоно. Залуучууд бол аливаа улс орны ирээдүйн нөөц, хийж бүтээх асар их хүч. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг" хэмээн тэмдэглэв.
 
Дэлхийн Залуучуудын Ассамлейн Ерөнхийлөгч Идрис Харон хэлэхдээ, Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаад баяртай байна. Цаашид Улаанбаатар хотод Дэлхийн Залуучуудын Ассамблейн суурин төлөөлөгчийн газар байгуулахад төвлөрөн ажиллана гэлээ.
 
Харин МЗХ-ны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Дэд Ерөнхийлөгч А.Мөнхбат “Өнөөдрийн салбар хуралдаануудаар тогтвортой хөгжлийн бодлогод залуус, залуучуудын байгууллага хэрхэн оролцох вэ гэдгийг голчлон ярилцана. Азийн улс орнуудын хувьд дайн байлдаан гэхээс илүүтэйгээр байгалийн гамшигт өртөх нь элбэг байдаг. Тиймээс байгалийн гамшигыг гэтлэхэд залуучуудын байгууллага, залуучууд яаж оролцох, хэрхэн хамтарч ажиллах талаар болно” гэв.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг