sonin.mn
Улаанбаатар хотноо “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурлыг энэ сарын 22-23-нд зохион байгуулах болсонтой холбогдуулан ГХЯ-нд  сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийв.
Энэхүү олон улсын хурлыг ЭХЯ, ГХЯ, БОНХАЖЯ хамтран зохион байгуулж байгаа юм. Уг хэвлэлийн бага хурлаар, Монгол орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн орон бөгөөд Төв Азийн өргөн уудам нутагт нарны эрчим хүчний асар их нөөцтэй гэдгийг Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар онцлон хэлж байв.
 
АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулган /Лаос/-аар Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, шинэ төрлийг дэмжих, үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, хөгжиж байгаа орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглахыг дэмжихээ илэрхийлж, ач холбогдлыг тодотгосон” юм. Улмаар Энэтхэгт 2013, Бельгид 2014 онд болсон уулзалтаар дахин хэлэлцэж шинэчилсэн нэмэлтүүд оруулж тодотгосон байна.
 
Улаанбаатар хотноо болох хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцох юм.
 
Дашрамд сонирхуулахад, Манай улсад том, жижиг нийт 3800 гаруй гол мөрөн байдгаас эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6417.7МВт буюу жилдээ 56.2 тэрбум кВт цаг цахилгаан гаргах нөөцтэй байна. Улсын нийт нутаг дэвсгэрт жилийн 270-300 өдөр цэлмэг байдаг, нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байдаг. Жилд тусах нарны цацрагийн хэмжээ нэг ам метр талбайд 1200-1600 кВт бөгөөд эрчимшил нь өдөрт 4.3-4.7 кВт цаг/ам метрээс их юм.
 
Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцийн атласт тодорхойлсноор, манай орны нутаг дэвсгэрийн 10 хувь буюу 160 мянган ам километр гаруй газарт салхины хүчийг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах хангалттай нөөцтэй. Улсын хэмжээнд 13 аймгийн нутагт 20 000 МВт-аас доошгүй салхины эрчим хүчний нөөцтэй, 9 аймгийн нутаг дэвсгэр 50 000 МВт-аас дээш нөөцтэй байдгаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дангаараа 300 000 МВт гаруй салхины эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоожээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг