sonin.mn
ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэгт өнөөдөр Тайваний Rui An ротари клуб, Монголын Номт ротари клуб, “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ хамтран цусны хавдартай хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлалаа.
Төслийн нийт өртөг нь 60 мянган ам. доллар бөгөөд эхний ээлжинд 14 ширхэг автомат дуслын шахуурга хүлээлгэн өгөв. Энэхүү тоног төхөөрөмжийг хавдрын өвчтэй хүүхэд, хөнгөвчлөх эмчилгээнд байгаа болон мэс заслын дараах өвчтөнүүдэд өвдөлт намдаах зорилгоор ашиглах юм. Монголд анх удаа нэвтрүүлж байгаа учраас хавдартай хүүхдүүдэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
 
ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, “Ажиа Гэгээний хэрэгжүүлж буй төсөл үргэлжилж, зөвхөн барилга бариад зогсохгүй цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна. Тайвань болон Монголын ротари гишүүдийн хандивлаж буй энэхүү тоног төхөөрөмж нь өвчтөнд хэрэглэхэд авсаархан, цэвэрхэн, ариутгаж хэрэглэх боломжтой. Сүүлийн үед хавдрын өвчлөл харьцангуй нэмэгдэх хандлагатай байгаа. Хавдрын шинэ тохиолдол өмнөх жилүүдээс харилцан адилгүй байна. Тухайлбал, нүдний хавдар ойрын гурван сард гурван шинэ тохиолдол хүүхдэд оношлогдоод байна” гэв.
 
Номт ротари клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч А.Ганболд хэлэхдээ, “Ротари клубууд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг 6 салбарт олон улсын ротари клубтэй хамтран төсөл хэрэгжүүлдэг. Манай клуб Монголын 13 дахь ротари клуб. Жилийн өмнөөс монголд дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг ротари клубууд хамтран нийлүүлэхээр тохирсон. Энэхүү төсөл өнөөдөр ажил болж монголын хүүхэд багачуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээн авч байна. Монголд зориулан 220 Вольт болгож тусгай захиалгаар шинээр хийсэн. Тайваний ротари клубын гишүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье. Цаашид сайн дурын үндсэн дээр хандив туслалцааг үргэлжлүүлэх болно” гэв.
 
Ж.Болор
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг