sonin.mn
Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал зарлаж тус аймагт хууль бус Засаг дарга С.Од-Эрдэнэ хуулиас дээгүүр дургиж байгааг мэдээллээ. 
 
Өөрөөр хэлбэл, тэрбээр 2012 оны орон нутгийн сонгуулиар тус аймгийн Засаг даргаар хууль ёсоор сонгогдсон С.Сүхбаатарыг томилогдсон цагаас нь эхлэн түүнийг огцруулах улстөржсөн хууль бус үйл ажиллагааг эхлүүлжээ Тэдний хэлж буйгаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг аймгийн ИТХ-ын хууль бус бичигт үндэслэсэн С.Сүхбаатарыг огцруулах 188 тоот захирамжийг 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргаж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа маргааны эхлэлийг тавьсан түүхтэй гэнэ. 
 
Энэ шийдвэрийг Захиргааны хэргийн хоёр шатны шүүх түдгэлзүүлсэн байдаг аж. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хууль бус 188 тоот захирамжаа өнгөрсөн оны зургаадугаар сарын 02-ны өдөр хүчингүй болгожээ. 
 
Ийнхүү захирамжж хүчингүй болгосон хэрнээ мөн өдрөө 75 тоот шинэ захирамж гаргаж С.Сүхбаатарыг дахин огцруулж, оронд нь хуулийн шаардлага хангаагүй С.Од-Эрдэнийг томилох шийдвэрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 24-ны өдрөөр огноолж ИТХ-ын 03, 04 тоот тогтоол гэх хууль бус, ээлжит хуурамч бичиг үндэслэн гаргасан гэнэ. 
 
ИТХ-ын тогтоолууд гэх энэхүү бичгүүдийг хууль бус, хуурамч гэдгийг энэ сарын 04-нд Захиргааны хэргийн есдүгээр шүүхийн шийдвэр баталжээ. 
 
Тодруулбал, Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах асуудлыг Дундговь аймгийн ИТХ хуралдаанаараа огт хэлэлцээгүй атлаа хэлэлцэж санал хураалтаар огцруулсан мэтээр хуурамч бичгийг бүрдүүлсэн байсан аж. 
Иймд тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Засаг даргыг томилсон хууль бус захирамж шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт гаргаж байгаа аж. 
 
Энэ бүхнээс улбаалан төрийн албаны халаа сэлгээ хэтийдэж тус аймгийн удирдлагууд бүгд үүрэг гүйцэтгэгч, мөн төсвийн мөнгийг хууль бусаар хяналтгүйгээр зарцуулах нь газар авсныг хуралд ирсэн төлөөлөгчид хэлж байлаа.
Энэ бүхнээс шалтгаалан Дундговь аймаг өрсөлдөх чадвараа улам бүр алдаж хоёр жил дарааллан судалгаагаар сүүл мушгиж байна хэмээв.
 
Эх сурвалж: