sonin.mn
“Hollywood film school Mongolia” ХХК-ийн урилгаар Монголд айлчилж буй АНУ-ын Холливудын төлөөлөгчдийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тус ХХК-иас БСШУ-ы сайдаас Монголд Холливудын хэмжээний томоохон киноны цогцолбор байгуулж түүнийхээ харьяа кино урлагийн сургууль, кино урлагийг дэмжих сан байгуулах, Уолт диснейг Монголд оруулж ирэхээр зорьж буйгаа дуулган төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Уулзалтын төгсгөлд БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Та бүхнийг Монголд Холливудын кино урлагийн сургалт нэвтрүүлж, сургууль байгуулах гэж буйд талархаж байна. Та бүхний зорьж буй ажилд бодлогын хэмжээнд дэмжлэг үзүүлэх болно. Үүний тулд киноны хуулиа яаралтай батлах шаардлагатай. Кино урлагийг дэмжих сан байгуулах саналыг ч мөн дэмжиж байна. Франц улсад нэг хүн 9 доллараар кино үзэхэд 1 доллар нь тэр санд орж байдаг. Манайд энэ зохицуулалт их хэрэгтэй. Бид үүнийг хуулиндаа тусгаж өгнө. Кино цогцолборынхоо техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөө бэлдээд ирвэл Засгийн Газарт санал тавьж, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж болно” гэв.
 
Мөн Холливудаас 2016 онд “Чингис хаан” кино бүтээхээр зорьж байгаа бөгөөд зураг авалтын 20 хувийг Монголд хийхээр төлөвлөжээ. Уулзалтын үеэр Хятадын Кино урлагийн төлөөлөгчид “Чингис хаан” киног Монгол улстай хамтран хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд, зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэхэд туслалцаа хүсч байгаагаа илэрхийлсэн юм. БСШУ-ы сайд энэ ажилд ч мөн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийллээ.
 
Уулзалтад БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, “Hollywood film Academy”-ийн гэрээт төлөөлөгч “Cinemajic entertainment” компанийн захирал, продюсер Брэдли Хонг, Уолт Дисней компанийн харьяа ESPN, ABC, CBC, TS Turner Sport сувгийг үүсгэн байгуулагч, продюсер, Олимпийн зохицуулах продюсер Майкл Пёорл, Холивудын Тулааны урлагийн найруулагч, орлон тоглогч Эрик Чан /Жет Ли, Жеки Чан, Жэйсон Стэдэм зэрэг Холивудын алдарт жүжигчдийн тулааны дасгалжуулагч, Карибын тэнгисийн дээрэмчид, Кун фу Панда, Оддын дайн зэрэг уран бүтээлд ажиллаж байсан/, Өвөр Монголын Киночдын нийгэмлэгийн тэргүүн Нин Чай, Монголын кино урлагийн зөвлөлийн тэргүүн Д. Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг