sonin.mn
УИХ-ын гишүүн, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас сонгуулийн хуулинд орж буй өөрчлөлтүүдийн талаар тодрууллаа. 
 
-Сонгуулийн нэгдсэн хуулинд тодорхой ямар өөрчлөлт орж байгаа гэж ойлгох вэ?
 
-Улс төрийн намын санхүүжилт дотроо сонгуулийн, улс төрийн намын санхүүжилт гэж хоёр хуваагдаж байгаа. Сонгуулийн хуулинд сонгуулийн санхүүжилтийг дараах байдлаар оруулж байна. Тухайлбал хандивын асуудал дээр хувь хүн болон хуулийн этгээдийн хандивын хэмжээ, нэр хаяг, түүнд тавих хяналтыг тодорхой болгож өгсөн. Нэг намаас, нэг хүнээс сонгуульд зарцуулах санхүүжилтийн хэмжээг зааж өгнө. МҮОНРТ-ээр үнэгүй хуваарь гаргаж, нэр дэвшигчдэд болон намуудад тэгш боломжийг хангасан сурталчилгаа явуулна. Сонгуулийн зардлын тайлангаа цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, худлаа тайлагнасан, мөн сонгуульд оролцохын өмнө намынхаа санхүүжилтийн тайланг дутуу юм уу худлаа мэдээлсэн бол тэр намыг сонгуульд бүртгэж авахгүй байх зохицуулалтыг оруулж байгаа. Мөн сонгуулийн үеэр хууль зөрчсөн нь сонгуулийн дараа тогтоогдвол тангараг өргөсөн байсан ч хууль бусаар сонгогдсон хэмээн үзэж мандатыг нь хүчингүй болгоно.
 
Түүнчлэн эдийн засгийн нэлээн том хариуцлагын хөшүүрэг орж байгаа. Буруутай нь тогтоогдоод дахин сонгууль явах хэмжээнд хүрвэл гарах зардлыг тухайн буруутай этгээдээр төлүүлнэ. Дахин сонгуулиар улсын төсвөөс ч, нэр дэвшигчдээс ч асар их мөнгө гардаг бол энэ хуулиар сонгуулийн дараа ч хяналт шалгалт явна гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь хяналт сул байснаас янз бүрийн аргаар сонгогдсон байсныг хариуцлагажуулж байна гэсэн үг. Улс төрийн карьер нь зогсож, дахин сонгогдох эрхээ хураалгах хүртэл асуудлыг оруулж байгаа. Мөн сонгуульд аль болох бага зардлаар, шударга, хуулийн хүрээнд өрсөлдөх боломжийг олгохоор хуулийн зохицуулалтыг хийж байна. Сонгуулийн зардлыг багасгахын тулд бүх нэр дэвшигч, нам эвслийн тарааж өгөх материалыг нэгтгээд Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж байгаа хүмүүс тараадаг байх асуудлыг судалж байна. Энэ нь нэр дэвшигчид баахан хүн хөлсөлж айл айлын хаалга тогшуулдаг зардлаа хэмнэхэд чиглэгдэнэ.
 
Үүний зэрэгцээ сонгуулийн үеэр гардаг самбарыг үнэ төлбөргүй байрлуулах газруудыг нь зааж өгнө. Ингэснээр ихээхэн хэмжээний мөнгө хэмнэнэ. Сонгуулийн дараа авсан санал, суудал дээр нь улсийн төсвөөс улстөрийн намуудад мөнгө хуваариладаг ч зориулалтыг нь зааж өгдөггүй. Зориулалт заадаггүйгээс юунд хэрхэн хэзээ зарцуулснаа татвар төлөгчдөд тайлагнадаггүй. Тайланд нь хяналт тавьдаггүйгээс авлигад хамгийн өртөмтгий байна гэж үзэж байгаа. Ихээхэн хэмжээний хандив авсан хүмүүстээ эргэж албан тушаал, эрх мэдэл, тендерээр буцаагаад хариу барьдаг жишгийг зогсоохын тулд улсын төсвөөс өгч буй мөнгө бүрийн зориулалт нь тодорхой, хяналт нь тодорхой байх ёстой.  Эргээд тайлагнадаг байх ёстой гэж үзэж байгаа. 
 
-Улс төрд суудалтай намууд хамгийн их авлигад өртөж байна гэсэн судалгааг АТГ-аас гаргасан байна. Хууль батлагдсанаар авлигын эсрэг тэмцэх нэг хөшүүрэг болж чадах уу?
 
-Одоо бол УИХ-д суудалтай намуудад улсаас санхүүжилт өгч байгаа. Цаашдаа суудал авч чадаагүй ч тодорхой дэмжлэг авсан намуудад бодлогоо боловсруулах, боловсон хүчнээ бэлтгэх, ард түмэнтэйгээ уулзаж үзэл баримтлалаа таниулахад зориулагдсан санхүүжилт байх хэрэгтэй. Сонгуулийн хуульд УИХ-д суудалгүй намуудад тэгш боломж олгох зохицуулалтууд орсон.
 
-Ажлын хэсэг УИХ-д хэзээ дүгнэлтээ оруулах вэ?
 
-Ажлын хэсэг хоёр зүйл дээр тохирвол бусад асуудал нь үндсэндээ шийдэгдсэн. Сонгуулийн систем дээр гурван намын бүлэг өөр өөр байр суурьтай байна. Мөн МАН УИХ, орон нутгийн сонгууль хоёр нэг өдөр байх нь буруу гэсэн байр суурьтай байгаа бол бусад намууд дэмжиж байгаа. Энэ хоёр асуудал дээр санал нэгдвэл Сонгуулийн нэгдсэн хуулийн тухай санал дүгнэлтээ өргөн барихад бэлэн болох юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг