sonin.mn
Английн армийн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг дасгалжуулагчид Хэнтийн аймгийн Зэвсэгт Хүчний 232 дугаар ангийн морьт сумангийн баазыг түшиглэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хамтарсан сургалт явуулав.
Энэ үеэр Хэнтий аймагт  Их Британийн болон Монголын армийн дайчдын дунд морин поло тэмцээн болов. Хоёр баг уламжлалт модон цохиур,  бөмбөг ашиглан морьдынхоо хурд хүч, авхаалж самбааг сорин өрсөлдсөнөөс Английн баг хожжээ.
 
Анх морин полог адуугаа дээдэлдэг Монголчууд  тоглодог байсан гэх боловч өдгөө  Англичуудын зохиосон дүрмээр дэлхий даяар тоглодог.
 
Морин пологийн тэмцээнд түрүүлсэн багт ГХ-ийн сайд Л. Пүрэвсүрэн шагнал гардуулав. Тэрбээр “Английн армийн морин пологийн тамирчид Монголын армийн албан хаагчдад нарийн дүрэмтэй тоглодог тэмцээний арга барилыг заахаар ирсэн. Энэхүү тэмцээнийг үзэж сонирхоход манай хоёр орны батлан хамгаалах салбарт шинэ харилцаа тогтсоноос гадна хоёр орны харилцаа хамтын ажиллагааг цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах болон аюулгүй байдал, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт  улам өргөжин хөгжих боломж нээгдэж буйг илтгэж байна. Монголын арми Английн армийн дайчдыг халуун дулаан хүлээн авсныг дурдаад Английн Сэндхёрст болох хариу тоглолтыг сайхан зохион байгуулна гэдэгт итгэж байна" гэв.  Манай армийн дайчид  ирэх 7 дугаар сард Хатан Хааны Цэргийн сургуульд зочилж морин пологийн нөхөрсөг тоглолтод оролцох юм байна.
 
 Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг