sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасан. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын хуулиар бус Ашигт малтмалын тухай хуулиар ногдуулдаг. Энэ нь татвар төлөгч болон татварын албаны хооронд хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсч байна. Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж Татварын ерөнхий хуулийн зарчимтай нийцүүлэн татвар төлөх, тайлагнах эцсийн хугацааг ижил болгон өөрчлөх хуулийн төсөл боловсруулсан хэмээн Сангийн сайд Ж.Эрдэнэбат хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.
 
Хуулийн төсөлтэй холбоотой төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл танилцуулав. Тэрбээр, хуулийн төслийг хэлэлцэх явцад асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзсэн” гэлээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Энэхүү хуульд оруулах өөрчлөлт бүх татварын бодлогыг тодорхойлно. Жижиг аж ахуйн нэгжүүдийн татварын тайланг жилд нэг удаа авч болдоггүй юм уу. Татвар төлөгчдийн тоо олон боловч 80 хувь нь жижиг аж ахуйн нэгжүүд байгаа учраас төсөвт тодорхой нөлөө үзүүлж чадахгүй байна. Нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр ганц 2 заалт оруулж байхаар нэг мөсөн шинэчлэлт хийж болдогүй юм уу. Дараагийн удаа энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн санал хэллээ.
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь дэмиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шижлүүлэв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг