sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд мэдээлэлдээ, АНЭУ-д хийсэн айлчлал тун ач холбогдолтой боллоо. Айлчлалын үер Оюутолгой төслийн холбогдох компанийн төлөөллүүлд далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад 6 тэрбум ам.доллар орох юм. Далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар манайд ашигтайгаар шийдэгдсэн  хэд хэдэн зүйлийг онцолъё.
 
1.2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй.  Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлаа ярилцахдаа 2009 оны гэрээг үндэслэж явсан. Монголын талын 34 хувийг баталгаажуулсан.
 
2.Удирдлагын менежментийн зардлыг 6 хувиар тогтоосон байсан. Далд уурхайн бүтээн байгууллалтын үйл явц үргэлжлэх 7 жилийн хугацаанд үүнийг 3 хувь болгосон. Ингэснээр жил бүр дор хаяж, 10 сая ам.доллар орж ирэх ба хамгийн багаар тооцоход 1 тэрбум төгрөг манайд орж ирэх юм. 8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан.
 
3.Бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Хоёр талаас тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад монголын талын хүн ахлаж, цаашид Оюутолгой дээр хийх бүх зардалд Монголын Засгийн газар хяналтаа тавих боломжтой болсон.
 
4.Анх яригдсан Монголын тал 53, Рио тинтой 47 хувийг авна гэх зарчим баримт бичигт тусгагдаагүй байсан. Харин далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байна. Энэ төсөл дээр гадны томоохон зөвлөх компанийг авч ажиллуулахгүй байна гэж шүүмжилж байсан. Тиймээс томоохон хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч  ажиллуулсан. Үүний үндсэн дээр хоёр талын бүх тоо, тооцоо нэг болсон. Ингэсний дүнд Монголын талын авах байсан 53 хувь 54.9 болж тохиролцоо хийсэн.
 
5. 2014 онд үүссэн 30 сая ам.долларын татварын асуудал маргаан дэгдээд байсан. Манай тал  30 сая долларын татвараа аваад, цаашид ямар нэгэн маргаангүй явахаар тохирсон.
 
6.Төслийн санхүүжилтээр хийгдэх ажлын хүрээнд жил бүр 9 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт орно.
 
7.Өмнөговь аймагтай бүтээн байгуулалтын гэрээ байгуулсан. Энэ хүрээнд жил бүр таван сая ам.долларыг орон нутагт төвлөрүүлнэ.
 
8.Монголын талын хяналтыг нэмэгдүүлсэн.
 
9.Энэ гэрээг баталгаажуулсны дараа 30 хоногийн дотор Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчдад боломж гаргах нөхцөл бүрдүүлсэн.
 
10.2015 оны 9 сар Оюутолгой компани Зэс хайлуулах үйлдвэр байгуулах судалгааг йхийж дуусна. Цаашдаа энэхүү үйлдвэрийг байгуулах ажлыг төлөвлөн, төлөвлөгөөний дагуу ажиллана” гэлээ.
 
Мэдээллийнхээ дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүдийн асуултад хариулав.
 
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсон уу. Яагаад Дубайд гарын үсэг зурсан бэ?
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хуулийн хугацаанд хариулах боломж байгаагүй. Хэлэлцээ явагдаж байх үед УИХ дээр мэдээлэл хийж болохгүй байлаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт ороогүй. Маргаантай асуудлуудаа нэгтгэж, шийдсэн. Санхүүгийн байгууллагаас босох 4.2 тэрбум ам.доллар далд уурхайн үйл ажиллагаанд зарцуулна. Хэлэлцээ сүүлийн 3 сар идэвхтэй явсан. Улаанбаатар, Өмнөговь аймаг, Лондон, Дубайд хэлэлцээр хийсэн. Ингээд сүүлийн үр дүндээ хүрсэн. Дубай өөрөө олон улсын санхүүгийн том хот. Тийм учраас би Дубайд гарын үсэг зурагдсан нь олон улсын анхааралд хүрсэн гэж бодож байна.
 
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Далд уурхайн ТЭЗҮ-г боловсруулаагүй байхад төлөвлөгөө боловсруулж болдог юм уу. Засгийн газрын төлөөлж хэн гарын үсэг зурсан бэ?
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Оюу толгойтой холбооой асуудал улс төрийн бус компани хоорондын асуудал болсон. Миний АНЭУ-д айлчлал хийх төлөвлөгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж батлагдсан. АНЭУ- руу би зөвхөн төлөвлөгөөнд гарын үсэг зурах гэж яваагүй. Миний айлчлал өндөр ач холбогдолтой болсон. Улаанбаатар-Дубай чиглэлийн нислэгийн шугам нээх, мах экспортлох гэх мэтийг дурьдаж болно. Мөн СIB  групп манайд Хөрөнгө оруулалтын сан байгуулах болсон. Одоо Монголын эдийн засагт 8 тэрбум ам.доллар орж ирэх боломж нээгдсэн. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тухай үеийн Засгийн газар гэрээ хийсэн. Сая бол зөвхөн компаниудын төлөөлөл Далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.
 
“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, ТЭЗҮ бол байнга өөрчлөгдөж байдаг баримт бичиг. Эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөрийг Рио-Тинто Монголын Засгийн газраас баримталдаг төслөөс өөрөөр тооцож ирсэн. Зарим нэг зардлаа хасч тооцоод байсан учраас маргаан үүссэн. Татварын нэлээд олон төрлүүд дээр маргаан үүссэн. Тиймээс ТЭЗҮ-г хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Гүний уурхайн төлөвлөгөөг зурсны дагуу бүгдийг нөхөж, зарчмын өөрчлөлт оруулаад Эрдэс баялгийн зөвлөлд өгнө. Томоохон өөрчлөлт хийхгүй.
 
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Арбитрын шүүхэд хандахад энэхүү төлөвлөгөөг хүлээж авах уу. Энэ төлөвлөгөөн дандаа гэрээний заалтууд байна.  Зургаан тэрбум долларын барьцаанд бидний газар, нутаг, Оюутолгойн лицензийг барьцаанд тавьсан байна?
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Гэрээний Монгол хувилбарыг өнөөдөр www.zasag.mn цахим хуудсанд байршуулна. Талууд гарын үсэг зурсан учраас энэхүү төлөвлөгөө албан ёсны баримт бичиг мөн. Олон улсын арилжааны банкуудаас авч буй 4.2 тэрбум долларыг “Рио-Тинто” өөрөө баталгаа гаргаж авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Энэ хөрөнгөөр далд уурхайн бүтээн байгуулалтыг хийгээд, “Оюутолгой” компани өөрөө эргүүлж төлнө.
 
-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ойрын хугацаанд Монгол Улсын төсөвт хэдэн төгрөг орж ирэх вэ?
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Оюутолгойгоос авах 30 сая ам.долларын татвар дээр нэмээд 10 ам.долларын роялти улсын төсөвт төвлөрүүлнө. Нийт 40 сая ам.доллар ойрын хугацаанд орж ирнэ.
 
-УИХ-ын гишүүн Д.Батцогт, Оюутолгойн төлөвлөгөөг баталснаар ам.долларын ханш буурсан. Энэ бууралт тогтвортой байх уу?
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Энэ биднээс шалтгаална. Хөрөнгө оруулалтын урсгалаа нээгээд, нэр хүндээ олоод явбал цаашид ч буурна.
 
-УИХ-ын гишүүн  Н.Батцэрэг, Манай талаас Оюутолгойн өнгөрсөн 5 жилийн тайланг баталгаажуулна гэсэн?
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Одоо ажлын 5 хоногийн дотор санхүүгийн тайлан хүлээж авах ажлууд хийгдэнэ.
 
-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Оюутолгой төсөл бол Монгол Улсын олон жилийн амьдралыг залгуулах булаг. Засгийн газрын зүгээс бүх тоогоо нэгтгэж, УИХ-ын гишүүд болон ард түмэнд танилцуулах хэрэгтэй. Ингэхгүй бол хардлага дагуулаад байна. Таны өгсөн материал дотор Монголын тал хяналт тавих болсон байна. Сая байгуулсан төлөвлөгөө дахиж өөрчлөгдөх үү?
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийгэмд мэдээлэл өгөх талд тантай санал нэг байна. Бид нийгэмд зөв ойлголт бий болгох чиглэлээр ажиллах хэрэгтэй. Бид дотроо маргаантай байгаад болохоор томоохон төслүүд явахгүй, гацаад байна. Энэ төлөвлөгөө бол эцсийн хувилбар. Дахиж өөрчлөлт орохгүй.
 
Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг