sonin.mn
Хятадын эрх баригчид хүн амынхаа эрчүүд, эмэгтэйчүүдийн хоорондох тэгш бус харьцааг арилгахын тулд хүүхдийн хүйсийг тодорхойлох, хүйсээр нь ялгаварлан үр хөндөлт хийдэг явдлыг таслан зогсоохоор кампанит ажил өрнүүлж байна. Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо зорилгодоо хүрэхийн тулд энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх хяналт, шалгалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. Тус хороо эрүүл мэндийн төв, үр тогтоох агентлаг, гэр бүл төлөвлөлтийн төв, эмнэлэг, явуулын эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг онцгой хяналтад байлгана хэмээн “Синхуа” уламжиллаа.
 
Азийн олон орны адилаар Хятадад уламжлал ёсоор эрэгтэй хүүхдийг илүүд үздэг. Эрэгтэй хүүхэд нь гэр бүлийн удам угсаагаа авч явах баталгаа болж, хөгширсөн хойноо хэн нэгнээр асруулах хувьтай хэмээн эцэг эхчүүд үздэг тул хөдөө тосгонд эмэгтэй хүүхэд мэндлэх гэж байна гэж мэдвэл үр хөндүүлэх нь элбэг байдаг ажээ. Хэвлий дэх хүүхдийн хүйсийг тодорхойлуулж, хүйсээр нь ялгаварлан жирэмслэлтийг таслан зогсоох нь Хятадад хэдэн жилийн өмнөөс хууль бус болсон ч эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг, мөн 70-аад оноос хойш үйлчилж байгаа нэг хүүхэд бодлогын улмаас үр хөндүүлэх нь элбэг байсаар байна. “China Daily” сонинд бичсэнээр, Шандун мужийн эмч нар хүйс тодорхойлдог В хэт авианы аппаратыг нууцаар хэрэглэж эцэг эхчүүдэд “тусладаг” аж.
 
2014 онд Хятадад 100 эмэгтэй хүүхэд тутамд 116 эрэгтэй хүүхэд төржээ. Олон жилийн турш ийм харьцаатай явж ирсний улмаас хүйсийн тэгш бус байдал асар их болсон юм. 2012 онд НҮБ-ын Хүн амын сангаас явуулсан судалгаагаар, 2010 онд Хятадад 24 сая охин “алга болжээ”. Энэ нь хэвлийдээ амиа таслуулсан эмэгтэй хүүхдүүдийн тоо юм. Үүнээс гадна, улс оронд боловсрол, эд баялгийн түвшин нэмэгдэхийн хэрээр олон эмэгтэй гэр бүл болохоос татгалзах болжээ. Их сургууль төгссөн, хотод амьдардаг, ажил төрөлтэй хятад бүсгүйчүүд Япон, Солонгосын адилаар гэрлэх нь тун хойрго болж, зарим нь бүрмөсөн татгалздаг болсон аж.
 
Энэхүү гаж байдлыг улмаас олон эрчүүд, тэр тусмаа хөдөө нутагт, эхнэр олох гэсэн тун хэцүү даалгавартай тулах болжээ. Мөн охид, эмэгтэйчүүдийг хулгайлах, сүйт бүсгүй болгож худалдах зэрэг тохиолдол нэмэгдэж байгаа нь хүн ам зүйн тэгш бус байдлын нэг үр дагавар юм. Ийм нөхцөл байдлын өмнө хятад залуус хөрш улсаас эхнэр олох арга замыг хайж байна. Юннан, Гуйжоу зэрэг баруун өмнөд хэсгийн мужид вьетнам, эсвэл бирм эхнэртэй хятадууд элбэг байдаг. Саяхан “Beijing News” сонинд эхнэр авч болох гадаадын шилдэг 10 орны жагсаалт гарсан нь эрчүүдийн анхаарлыг ихэд татжээ. Эрх баригчид энэ асуудлыг шийдэхийн тулд эмч нарын тоног төхөөрөмж, эм хэрэгслийг нарийн шалгаж, хууль бус үр хөндөлт хийсэн эмч, эмнэлгийн “Хар жагсаалт”-ыг гаргах гэж байна.
 
Хятадын Засгийн газар ойрын үед хосуудыг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөх гэж байна гэсэн цуу яриа дэгджээ. 2013 онд нэг хүүхэд бодлогодоо зарим өөрчлөлт оруулж, хоёр дахь хүүхдээ төрүүлэх боломжийг тусгаж өгсөн ч энэ нь хэтэрхий хатуу шаардлагатай. Засгийн газраас нэг хүүхэд бодлогыг цуцлахаас нааш хүйсээр нь ялгаварлан үр хөндөх явдал байсаар байх болно хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин