sonin.mn
Бурхан Халдун хайрханы Төрийн тахилгыг энэ сарын 26, 27-нд хийх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан байна.
 
Энэ жил эрт дээр үеэс улбаатай тахилгын зан үйлийг сэргээж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар болжээ.  Тахилгын ёслолын өмнөх өдөр буюу 26-нд Долоон бурханы тахилгыг хийнэ. Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрханы бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр хийх юм. Энэ нь Бурхан Халдун уулнаас 40 орчим км-ийн наана оршдог газар. Тус газарт LED дэлгэц байрлуулан Бурхан Халдуны тахилгын үйл явцыг цугласан олонд UBS телевиз шууд дамжуулан хүргэхээр төлөвлөжээ.
 
Тахилга гэдэг нь уул, хайрхандаа хүндэтгэл үзүүлэхийг хэлдэг бол тайлга нь тахилга хийсний дараа түмэн олныг цэнгүүлэхийг хэлдэг байна. Тайлгын ёслолын цэнгүүнийг Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоо хэмээх газарт зохион байгуулна. 2013 оны Засгийн газрын тогтоолоор Бурхан Халдун уулыг Монгол түмний бахархалт хайрхан болгож, 1995 оноос эхлэн орчин үеийн ёс заншлаар тахиж ирсэн түүхэн уламжлалаа сэргээсэн юм.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ"