sonin.mn
Хаа газрын Монгол айлд ороход эгшиг эгшгийн дээд морин хуур хоймор тэргүүнээ залаастай байх, утаа исэнд идэгдсэн ч байх, өнгө орон гялалзах нь ч бий. Юутай ч ард түмний минь дээдлэн шүтдэг эрднийн хуур мөнөөсөө мөн. Үүн лугаа айл бүхэнд нэгэн ном бий, салхи ороогүй шинээрээ ч байх, бүр навсрага болсон ч бий. Ямар ч гэсэн ард түмэндээ нэртэй, төрдөө данстай уран бүтээлчийн номыг сөхөн уншиваас зохиол гэдгийг нь умартан шаналмаар гоо үзэсгэлэн, ус нутгаа ертөнцөөс нэхэн гүйх морины уран торгон явдал хийгээд бүр галтай саран тамганых нь галыг хүртэл дүрэлзүүлэн бичдэг тийм их авьяасын галд сэтгэл бүлээсэх бөлгөө. Монголын зохиолчдын эвлэлийн ордноор костюм бүхий цэмцгэр эр, хар өнгийн харь тэрэг хөлөглөж ирээд хэн бүхний хүндэтгэлийг хүлээгээд одох. Дүр зураг хэдий ийм ч миний бодол бол өөр. Өлзийт хайрханыхаа энгэрт хонгор голдуу олон адуу хурааж, морины сайныг шилэн унаад хурга туглын бэлчээрт охид хүүхднүүд жийрхүүлсэн жудаг багахан эрийн төрхөөр сэтгэлд буугаад байдаг нь ямар нэгэн учир бий биз ээ.
 
       Түүнд ийм сурвалжит дүр бүр цаанаасаа бий. Түүний эцэг Балжир гэж нутаг усандаа төдийгүй залгаа хошууддаа нэртэй уяач, панзчин эр хүлгийн сайныг шилж унадаг хийгээд нэртэй уяач байсныг өдгөө нутаг усаараа бахархан ярьдаг. Тэр ч өдгөө цагийн төмөр хүлгийг хазаар сэлгэн унадаг сүрхий эр. Дорноговь аймгийн Алтанширээ суманд очиход түүний унаж байсан машин гээд хэн нэг нь сүрхий бахархангуй унаад жирийж байх. Түүний удам нэлээд толгой сийрэг олны ярьдгаар “гень” сайтай. Төрсөн дүү Б.Хэнмэдэхэв гэж ус нутагтаа нэртэй, Монгол Улсын хүний гавьяат эмч бий. Мөн Б.Норжинсүрэн гэж алтан гартай эмч нарыг нэрлэхэд дээр миний хэлсэн үг батлагдах буй заа. Эль бүгдийг үл нуршин нэгэн наадмын тухай дурьдахад түүний дүр зураг бага ч атугай тодорно байх.
 
      2000 оны уран үгсийн чуулган “Болор цом” наадам санаанд орж байна. Соёлын төв өргөөнөө халхын их үгийн урчууд чуулсан тэр орой мань хүн хурд сайтай газраас олон сайн хүлэг сойж ирсэн алдарт уяач шиг их л бадрангуй. А.Эрдэнэ-Очирт учирлаж, Г.Мөнхцэцэгт зөвлөж, С.Боргилыг зэмлэсэн их хэл хөлтэй байхыг ажин зогсоо алс баруун Алтайгаас ирсэн анд маань “Энэ хүн загнаад байгаа нөхөр их л том зохиолч байх даа” гэлээ. Би “Томоо том Балжирын Догмид гэдэг чинь энэ шүү дээ” гэвэл “Аа би танина” гэв. Чи таних бол надаас юунд асуув. Үгүй ээ би номоор нь танина. Өнөөх “Ус уухын заяа”-гийн Цэрэнпагма мөн ч сайхан хүүхэн шүү гээд үзэж, харсан юм шиг шүүрс алдаж, өнөөх Батаа сайн эр суллагдаж очоод түүнтэй суусан болов уу гээд хармын харцаар харж байх юм. Би түүнийг гайхширч харвал тэр бүр бодлогширсон шинжтэй байхаар нь түүнийг жаахан цаашлуулж, тэр Батаа чинь оргож яваад хэрэг нэмээд бүх насаараа хоригдох ял авсан гэсэн. Зайлуул муу Цэрэнпагма одоо болтол ганцаараа дуулдсан чи очихгүй юу гэтэл өнөөх чинь бүр дүрдээ орчихсон Хэнтий чигийн л бүсгүй юм уу даа. Тийм сайхан хүүхэн өдий болтол юу л гэж ганцаар явав гэж дээ гээд хамар дороо бувтнаж байснаа гэнэт ухаарав бололтой нэг муу инээх аядав. Ингэж л алс баруун Алтайд морин дэл дээр хийсч явдаг миний муу цөлх андад нөлөөлсөн байх юм. Миний андын орчлонд гуниж баясаж явах утга учир нь ч тэр байсан юм билүү хэн мэдлээ. Энэ мэтчилэн хичнээн амьтны зүрх сэтгэлд нөлөөлдгийг хэн мэдлээ. Уран зохиол гэдэг өөрөө тийм агуу.
 
       Түүн дээр уран бүтээлчийн авьяас билиг, ур чадварыг асгаж бичнэ гэдэг ийм гэгээн ертөнцийг бүтээх биз ээ. Хэр баргийн зохиол уншаад бүү хэл хэрийн зүйлд дав дув хийхгүй андын маань зүрх сэтгэл ийм хөг айзмаар дүүрэн явдаг гэдэгт би л хувьдаа мэдэхгүй явж дээ хэмээн бодохын сацуу соёлын төв өргөөний үүдээр “Морин толгой” цухалзаад цааш орлоо. Тэр жилийн “Болор цом”-д Г.Мөнхцэцэг түрүүлж, өөрөө маргааш нь болсон “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд гурав дахь удаагаа тэргүүлсэн юм. Тэр үнэхээр Дорноговиос төрж гарсан нэгэн үеийн залуусын овог нь болсон хүн. Б.Догмид нэгэн цагт Дорноговь аймгийн санхүүг барьж явахдаа бор дарсыг зооглож, бурхан буг хоёрын аль алинд нь хувилж явсан. Ингэж л эрүүл хөлчүү зоргоороо хонгор залуу насандаа аймгийн номын санч бүсгүйд зориулан “Хонгор зул” хэмээх шүлэг бичсэн гэх. Түүнийг Эрээнцавын гэх тодотголтой зөөлөн яруу найрагч Д.Нямсүрэн агсан тоогоогүй бол базаад хогийн саванд хаях байсан гэж омгорхох нь би шүлэг бичсэн бол одоогийн эд нараас ч хол доо гэсэн өнгө аяс цухалзана. Ингэж л унаж босч, гуниж баясч явах үед нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагч
 
“Улаан булангийн оройд хатгаад мартсан туг шиг            
 
Ухаадуу хэдэн толгодынхоо дунд гундаж явна уу чи минь” хэмээн дуун алдснаас үзэхүл түүний нөхөрлөлийн орон зай харагддаг юм. Түүнчлэн манай нэрт зохиолч Ж.Лхагва агсныг Москва хотод сурч ахуй цагт бичсэн нэгэн захидалдаа “Театрын дуучин Нарантуяа бодогдоод байдаг болчихлоо. Эз үү Аз уу” /Саран хөхөө театрын гоцлол дуучин УГЖ Л.Нарантуяа/ гэж идэрхэн залуудаа бичиж байсан цагаас хойш он цаг олонтаа эргэж ус нутгийн ах эгч хоёр маань төрдөө соёрхогдож түмэндээ хүндлэгдсэн нэр зүстэй уран бүтээлчид болжээ. Ингэж л гал дөлтэй насныхаа сэтгэл зүрхний үгийг бичилцэж явсан Ж.Лхагвыг таалал болоход төрийн данстай өөрийн газраа өгч үхэлд хүртэл анд нөхрийн ариун үерхэлийг гайхуулсан цор ганцхан хүн. Мань эрийн ууж савж явсан үеийн домог шиг зүйл ард түмний дунд яригддаг ч энд дурьдах нь илүүц хэрэг биз ээ. Харин Дорноговь ер нь хаа ч өөрийн зоргоор салхинд хөг орон хүнгэнэх цар нь хагсангуй бичил хуурнууд тийм олон биш ч үе үе таарч магад. Уншигч авхай та бүү гайхаарай. Авьяас шигээ задгай явсных. Алтанширээ гэж эгэл боргилын туйл тэнгэрийн доорхи эх орон бий. Энэ ширээг түшин хөлд орж, суу билгээ дуурсгасан хүмүүсийн нэг бол Догмид. Их бичгийн хүн анги Шагдараас эхлээд олон алдар цуутан, бичгийн мэргэдийг өлгийдөж авсан миний нутагт өдийд хөх ногооны униар хөлбөрөн байгаа. Тэрээр “Хавар болж хөх ногооны униар татаад ирэхийн цагт нутгаасаа хол яваа эр морь хоёрын сэтгэл бөмбөрөөд тогтохгүй хэцүү” хэмээн бичсэн нь бий. Тэр өөрийн ийн бичсэн лугаа өдийд дөрвөн уул, дөрвөн ханын дунд давчдаж, ус нутгаадаа сэтгэл бөмбөрүүлэн суугаа. Их хүний тухай бичих зориг дутавч, авьяасын галд сэтгэл бүлээсэх, тэгээд зориг орох учир бий. Ус нутгийн ахын уран бүтээлийн утгын их дөрөөнд үгийн сүү дусаав.
 
 
Санзайгалсангийн Ууганбаяр
 
Эх сурвалж: unen.mn