sonin.mn
ДОНЕЦК. /ITAR-TASS/. Украины цэргүүд 1000 орчим нэгж их буу болон пуужин харвах хэд хэдэн систем, 45000 цэрэг, 3500 орчим зэвсгээ Донбасс бүс нутагт байрлуулсан гэж өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Эдуард Басурин өчигдөр мэдэгдэв.
“Донбасс бүс нутагтай залгаа шугамын ойролцоо байрлуулсан Украины цэргийн тоо байлдааны ажиллагаа эхлэхээс өмнөх буюу өнгөрсөн хаврынхтай адил байна. Үүнд 45000 гаруй цэрэг, 3500 орчим зэвсэг, 1000 орчим нэгж их буу болон пуужин харвах системүүд орж байна” гэж Басурин мэдэгдэв.
 
Үүний өмнөхөн Донецкийн Батлан хамгаалах яам, Донецкоос 55 км зайд орших Константиновкагийн ойролцоо Украины цэргүүд  пуужин харвах “Град” систем байрлуулсан гэж мэдэгдсэн байна.
 
Константиновкагийн зах хэсэгт Украины цэргүүд нууцаар пуужин харвах “Град” систем байрлуулсан бөгөөд тэнд хүнд зэвсгүүдийг мөн төвлөрүүлж байгааг Донецкийн тагнуулын цэргүүд мэдэгджээ.
 
Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн энх тайван тогтоох амлалт нь цэргийн бэлтгэл ажил хийх зорилготой байсан нь энэ бүхнээс харагдаж байна.
 
Украин цэргийн зэвсэг техник болон армийн албан хаагчдаа гал зогсоох бүсэд дахин төвлөрүүлсэн нь тус улс давшилтын хэсгээ бүрдүүлж байгаагийн тод жишээ болж байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг