sonin.mn
 Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн зөвлөлтэй  хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт  анхдугаар  зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Мэргэжлийн боловсрол, тусгай хэрэгцээт боловсролын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Ганболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Т.Цэндсүрэн, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, ХУД-ын ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, НХХ-ын дарга Б.Булган болон албан хүмүүс оролцлоо. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт  анхдугаар  зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга Д.Батбилэг үг хэллээ.
Зөвлөгөөн нь 2015 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд  зохион  байгуулах ба хөгжлийн  бэрхшээлтэй  хүүхдүүдэд  хүртээмжтэй, чанартай боловсрол олгох орчин үеийн чиглэл,  сургалтын  дэвшилтэт  арга  технологиос харилцан туршлага судлах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд анхан шатны ерөнхий боловсрол олгох нөхцлийг бүрдүүлэх, шинэ туршлага нэврүүлж бодитоор биелүүлэх боломж олж авах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд хэвийн амьдрах, тэдэнд боловсрол олгох,  төрийн болон төрийн бус байгууллага, нийгэмлэг, сонирхогч хувь хүмүүс, гэр бүл хоорондын харилцааг өргөжүүлэх зорилгоор  энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
 
 
Тус зөвлөгөөнд  ОХУ-ын  Буриадын  боловсролын их сургууль, Япон, Солонгос Улсын  боловсролын байгууллагын ажилтан, БСШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, НҮБ, Нийслэлийн боловсролын газар,  Дүүргүүдийн боловсролын хэлтэс,  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих  төв, төрийн ба төрийн бус өмчийн  цэцэрлэгийн цэцэрлэгч арга зүйч багш нарын төлөөллөөс бүрдсэн нийтдээ 200 гаруй эрдэмтэн судлаач, багш, сурган хүмүүжүүлэгчид хамрагдаж байна.
Энэхүү үйл ажиллагаагаар тусгай хэрэгцээт боловсрол олгох чиглэлээр ажилладаг төрийн төрийн бус өмчийн байгууллагын ажилтан, судлаач, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш эрхлэгчдийн төлөөлөл 9 хүн илтгэл хэлэлцүүлнэ.
Мөн ОХУ-ын Буриад Улсын  Боловсролын их сургуулийн эрдэмтэд  Хан-Уул дүүргийн сургууль,  цэцэрлэгийн  багш  нарт  16 цагийн  мэргэжил  дээшлүүлэх сургалт явуулах бөгөөд сургалтад хамрагдсан багш нарт ОХУ-ын Буриад Улсын Боловсролын их сургуулийн мэргэжил дээшлүүсэн сертификат олгох юм.