sonin.mn
ТАЙПЕЙ. /NHK/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жызюнь Тайванийн арлыг тусгаар тогтнуулах тал баримтлагч улс төрийн хүчнийхэнд анхааруулга өгсөн байна.
Тэрбээр бямба гарагт Тайванийн хяналтад байдаг Зиньмэнь аралд зочилж, Тайванийн эх газрын асуудал хариуцсан зөвлөлийн дарга Сыа Лияаньтай уулзжээ. Сайд нарын түвшний зэрэглэлтэй түшмэд хоёр талын харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон байна.
 
Айлчлалаа дүгнэн хийсэн мэдэгдэлдээ Жан Жызюнь, хоёр тал нягт харилцааны тогтвортой, энх тайван байдлыг хадгалж, салан тусгаарлах үзэлтнийг эсэргүүцэх хэрэгтэй гэж мэдэгджээ.
 
Түүний хийсэн мэдэгдэл нь Тайванийн сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт намын үйл ажиллагаанд хязгаар тогтоох оролдлого мэт харагдав. Тус намыг тусгаар тогтнох үзэлд хэт их автсан гэж БНХАУ үздэг байна.
 
Өнгөрсөн жил болсон орон нутгийн сонгуулиар эрх баригч Үндэсний нам ялагдсан бөгөөд энэ нь тус улсын Ерөнхийлөгч Ма Ин-цзю-гийн засаг захиргаанд томоохон цохилт болсон юм. Ирэх жилийн нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан дэвшилтэт нам ялна гэсэн таамаг шинжээчдийн дунд байна.
 
Тайвань болон БНХАУ-ын хоорондох эвлэрлийн бэлэг тэмдэг болсон үйлдвэрт Жан Жызюнь ням гарагт айлчилжээ. 1950-иад оны сүүлээр хоёр талын хооронд томоохон цэргийн мөргөлдөөн болсон билээ. Тэр үед БНХАУ-ын талаас буудсан бууны сумыг тайваньчууд ашиглан хутга үйлдвэрлэн 20 гаруй жил худалдаалж ирсэн ажээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг