sonin.mn
Аж үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор сүүлийн гурван жил олгосон зээлийн хэрэгжилтэд мониторинг хийснээ танилцууллаа.
Мониторингт хамарсан 1479 төслийн 95.9 хувь нь хэвийн хэрэгжилттэй байсан бол 23.3 тэрбум төгрөгийн зээл авсан 61 төслийн хэрэгжилт хангалтгүй байжээ. Тухайлбал зээлийг зориулалтын бусаар ашигласан 22 төсөл байсныг банктай байгуулсан гэрээг цуцалж төслийн зээлийн хүүг арилжааны зээлд шилжүүлсэн байна. Түүнчлэн зээлийн хөрөнгөөр үйл ажиллагаа эхлүүлээгүй 20 төсөл, мониторинг хийх явцад төсөл хэрэгжүүлэгчидтэй холбогдох боломжгүй, хаяг дээрээ байхгүй 19 төсөл байсныг албаныхан тодотголоо.
 
Сүүлийн гурван жилд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, Засгийн газрын бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс, шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрийг дэмжихэд хөнгөлттэй зээл олгожээ. Дээрх дөрвөн төрлийн эх үүсвэрээс нийт 14 897 төсөлд 518.6 тэрбум төгрөгийн зээлийг сүүлийн гурван жилд олгосон бөгөөд нийт зээлийн 83.5 хувийг үйл ажиллагаагаа өргөтгөхөд зарцуулсан байна. Энэ үеэр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр хөнгөлөлттэй зээл авсан компаниудын зээлийн эргэн төлөлт муу байгааг Аж Үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Энхбаяр онцолсон юм. Одоогийн байдлаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр зээл авсан аж ахуйн нэгжүүдэд 16 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний үлдэгдэл байгаа аж. Тиймээс салбарын яамнаас нийлүүлэлт-үйлдвэрлэл-борлуулалт нь баталгаажсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зээл олгохоо мэдэгдлээ.
 
Б.Заяа
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг