sonin.mn
БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Энэ хүрээнд НДЕГ-аас “Тэтгэвэрийн шинэчлэл: БНСУ-ын туршлага” сэдвээр семинар зохион байгуулж эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх тус семинараар Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо, тэтгэвэрийн төрөл, бодох аргачлал, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны туршлага, тэтгэврийн хамрагдалтыг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
 
 БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны Гадаад харилцааны хэлтсийн дарга Ким Ён Ил ярихдаа,“Манай улсад 18-60 нас хүртэл нийгмийн даатгал төлдөг. 61 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэврийн насныхан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, гэр бүлийн хүн нь  нас барсан тохиолдолд хамтын тэтгэвэр олгох, ажилгүй иргэнд нэг удаагийн тэтгэмж гээд 4 төрлийн тэтгэвэр олгодог. Тэтгэвэрийн хувь хэмжээг тогтоохдоо 40 жил ажилласан бол 40 хувиар, 10 жил ажилласан бол 10 хувиар  тогтоодог”гэлээ.
 
 Харин манай улсын хувьд тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг байна. Цаашид ахмад настны нийгэмд эзлэх хувь өсөх хандлагатай, дундаж наслалт нэмэгдэж байгаагаас үүдэн тэтгэврийн даатгалын сан ачааллаа даахгүй болж, дорвитой шинэчлэл хийх эрэлт, хэрэгцээ бий болжээ. Манай улсын тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 2030 он гэхэд ДНБ-ийн 4-5 хувьд хүрэх төлөвтэй байгаа учраас тогтолцоог өөрчлөх шаардлагатай байгаа аж.
 
Түүнчлэн Монгол иргэд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлөөд тус улсаас тэтгэвэр авах боломжгүй байсан. Үүнийг Монгол руу шилжүүлснээр иргэд эх орноосоо тэтгэвэр авах боломж бүрдсэн юм. Өнгөрсөн онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй 1521 иргэн өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдаж байсан бол он гарсаар 515 иргэн нэмэгдсэн байна. БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанаас өнгөрсөн онд хүсэлт ирүүлсэн 379 даатгуулагчийн 303.4 сая вон буюу 627.2 сая төгрөгийн шимтгэлийг буцаан олгожээ. Харин энэ оны эхний 4 сарын байдлаар хүсэлт гаргасан 59 даатгуулагчийн 54.1 сая вон буюу 97.3 төгрөгийн шимтгэлийг буцаан олгоод байгаа аж.
 
Б.Заяа
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг