sonin.mn
Өчигдрийн  08:51 цагт 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын 110 кВ талд гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголдож, Дулааны цахилгаан станц - 2, 3, 4 хүчдэлгүй болж, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүч тасалдсан.
Үүний улмаас хотын цэвэр, бохир ус, дулаан хангамж, харилцаа холбоо, замын хөдөлгөөний цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжүүд бүрэн зогсож аваарийн байдал үүссэн. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК - ийн Улаанбаатар салбарын мэргэжилтнүүд  гэмтэл гарсан станцад ажиллаж, Улаанбаатар хотыг хангадаг 110 кв-ын 16 дэд станц, 2 ил хуваарилах байгууламжийн системийн ажиллагааг хэвийн болгож, 09 цаг 30 минутад онцгой хэрэглэгчдийн цахилгааныг залгаж, шат дараатай арга хэмжээг яаралтай авсны үр дүнд 18 цаг 15 минутад Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан хангамжийг хэвийн байдалд орууллаа.
 
Гэмтлээс шалтгаалан 0 суусан “Дулааны цахилгаан станц–4” ХК бүрэн сэргээгүй байснаас хотын дулаан хангамжийн даралт температурын горимын ажиллагааг 21 цагийн үед хэвийн байдалд оруулсан юм. Түүнчлэн цахилгаан тасарсан үед орон сууцны цахилгаан лифтэнд гацсан санал гомдол иргэдээс ихээр ирж байсныг СӨХ барагдуулав.
 
Гэмтлийг хэвийн байдалд оруулахад Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК,  Дулааны цахилгаан станц - 2, 3, 4 ТӨХК-иуд ажилласан бөгөөд цахилгааны тасалдлаас шалтгаалан үүсч болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Орон сууц нийтийн  аж ахуйг удирдах газар, Ус сувгийг удирдах газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, “Улаанбаатар Лифт” ОНӨҮГ, дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтнүүд, СӨХ-ийн дээд зөвлөл холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, бэлэн байлдалд ажиллалаа гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс мэдээллээ.