sonin.mn
Боловсролыг дэмжигч Голомт банк нь хэдхэн хоногийн өмнө иргэд харилцагчдынхаа санхүүгийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор www.edu.golomtbank.com сайтыг нээсэн бол 2015.05.22-ны өдөр “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-аа 14 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
 
Голомт банкны хамт олон бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, Монгол Улсын ирээдүйг өргөж явах оюунлаг залуусаа дэмжих, сурах их үйлсэд нь хувь нэмрээ оруулах зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Судлаач оюутны баг” зэрэг багц хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн түүхтэй.
 
Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” нь  оюутнуудад  харилцан туршлага солилцох, шинэ мэдлэгт суралцах, ирээдүйн үйл хэрэгт нь шинэ санаа өгөх гэх мэт өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.  
 
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсод эх орныхоо хөгжлийн гарцыг эрэлхийлсэн, эдийн засгийн өсөлт, шинэчлэлт, Монгол Улсын өрсөлдөх чадвар, нөөцийн удирдлага, бизнес хөгжил, эрсдэлийн удирдлага, хүний нөөцийн удирдлага зэрэг өргөн хүрээнд дэвшилтэт санааг хөндсөн байв.
 
Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д нийт 7 сургуулийн 57 оюутан материалаа ирүүлснээс, 34 оюутны 18 илтгэл шалгарч, МУИС-БС-ийн 4-р курсын оюутан М.Маргадмөн тэргүүн байрыг эзлэн бусдыгаа манлайллаа. Тэрээр “Зээлийн багцын чанарын нэгдсэн тэргүүлэгч индикатор” асуудлыг хөндсөн нь эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсдын анхаарлыг ихэд татсан юм. Харин 2-р байранд МУИС-ШУС-ийн Г.Лхагвадорж, Б.Аръяасүрэн, Э.Эрхэмхүслэн, 3-р байранд СЭЗДС-ийн О.Энхбаатар, Шилдэг илтгэгчээр МУИС-БС-ийн 4-р курсын оюутан З.Батчөдөр, “Шилдэг санаа” номинациар ШУТИС-БУХС-ийн 4-р курсын оюутан Б.Халиун нар шалгарсан байна.
 
Нийт оюунлаг залуустаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, Монгол Улсынхаа хөгжлийг түүчээлэх болтугай гэсэн эрхэм ерөөлийг дэвшүүлье.
 
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИГЧ ГОЛОМТ БАНК