sonin.mn
Энэ үгийг хамгийн сүүлд Г.Уянга хэллээ. Жаахан хувиргаад “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд аа, тэвэр тэвэр мөнгөөр төрөө худалдсан дарга нар аа !!!” гэж байгаад асуув. “Ноогдол ашгаа хэзээ авах вэ ?” гэж гол нь асуусан, “Хоёр тал тохирсны үндсэн дээр тодорхой хугацаагаар хойшилсон” гэж хариулав. “Тодорхой” гэхээр л тодорхой болчихдог юм биш, харин ч тодорхойгүй болгож нууж, бултаж байгаагаа Ерөнхий сайд харуулав.
 
 
Хэн нь хэн бэ?
 
 
Гэтэл үүнийг Г.Уянгын зохиосон шүлэг, сэтгүүлч болохоороо шүлэг зохиож популизм хийж байна гэхчлэн сүлжээн дэх Ч.Сайханбилэгийн гар хөлүүд шивэр хулмас ханхалтал авч хаяж байна. Тэр ч байтугай уутанд нь хэдэн доллар байсан юм, тэвэрт нь хэдэн төгрөг байсан юм ? гэхчилэн яг жүүд банкир, хятад мөнгө хүүлэгч шиг асууж байна, яах нь вэ ?! Сайханбилэгт хэд, өөрт хэд оногдсоноо мэдэх гэсэн юм уу ?! Яаж хуваадгийг одоо бичнэ, дуустал нь уншаарай. Мөнгө тоолохоос өөр тоо мэддэггүй, түүхээсээ салсан эргүү юмнууд яг ингэж шившиг болж “монгол биш”, харин монголоор сүрхий ярьдаг болсноо нотлож байгаа юм.
Энэ эшлэл бол манай түүхийн гутамшигт үе ирж буйг харуулсан Монголын ард түмний бүтээл юм. Тэр түүх одоо давтагдаж байна. Түүх давтагдахад түүхийн сургамж болсон эшлэлийг давтахаас аргагүй. Тэр үгийг л Г.Уянга сануулж байна. Мартсаныг сануулж, унтсаныг сэрээж явах эрх ч, үүрэг ч түүнд бий. Энэ үг бол буддын тарни шиг, коммунизмын тодорхойлолт шиг манай ард түмний цээжинд хоногшсон үг юм.
Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд аа ?! гэдэг нь Ч.Сайханбилэгт шууд хандаж байна, тэвэр тэвэр мөнгөөр төрөө худалдсан дарга нар аа ?! гэдэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нарыг хэлж байна. Дээр нь монгол хүн авч, нөгөө талын хэлийг сайн сурсан Г.Батсүх гэгч нөхөр байна. Манай талаас томилоогүй, “нөгөө талаас” томилсон ТУЗ-ын монгол дарга.
 
Да.Ганболд хуучны угаасаа цайчихсан хүн,түүнийг монгол хүн гэхэд түвэгтэй. Г.Отгочулуу гэгч нь Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга байхдаа томилогдсон, одоо чухам юу юм бүү мэд. Эд нарын элдэв булхайгаа нуух гэж эрхийн чинээ хүүхдүүдээ хаана хаана шилжүүлснийг тоочвол ёстой л “Хошууны бузар булайг дэлгэхэд миний нас хүрэхгүй” гэж Итгэлт баяны хэлсэн шиг юм болно. Мэдэхийн л Ц.Элбэгдорж чирч ирээд энд тэнд байршуулж явдаг хэдэн хүүхдүүдийн нэг юмдаг. АН-ын мянга мянган гишүүнд энэ падлий ч байхгүй, ер нь Ц.Элбэгдорж газрын гаваас ч иймэрхүү юмнуудыг олж энд тэнд тавихдаа дэндүү сайн.
 
Гэхдээ миний “Залуусын амь насаар тоглодог болжээ, энэ луйварчид” өгүүллийг эргүүлээд уншчихыг зөвлөж байна. Яг ийм хэн ч мэдэхгүй хүүхдүүдийг даргаар тавиад дараа нь “улаан хамгаалагч” болгоод эцэст нь хувь заяагаар нь тоглохдоо гаршчихаад байгаа юм, наадуул чинь. Хамгийн сүүлийн жишээ бол “хүргэн” Г.Дэнзэн. Одоо яаж яваа юм бүү мэд, сайхан залуу, олон хүн гэнэт шидийг олоод нисэхээр нь атаархсан байх, гэвч одоо шидмэсээр боолгоод үхэх гэж байна. Г.Дэнзэн гэдэг залуу шуналтайдаа хэдэн тэрбумын асуудалд шууд гүйгээд орчих зориг байлаа гэхэд тэнхээ, боломж байхгүй шүү дээ. Тиймээс цаад эзэндээ л асуудал байгаа, аягүй бол хөөрхий “шаврын хаалт” болоод өөрөөрөө дэнчин тавиад дуусах нь.
 
Өнөөх айхтар төлөвлөгөө гэгчид нь гарын үсэг зурж байгаа Б.Бямбасайхан ч залуу хүн, бас л “битүү морь” тиймээс эд нарт гарын үсэг нь л хэрэгтэй. С.Баярын үеийн золио АМХЭГ-ны дарга Д.Батхуяг гэж сайхан залуу бас л баларсан. Ийм жишээ үй түм. Эрх барихаараа л энд тэнд хэдэн хүүхэд хурган даргаар тавьж, нөгөөдүүл нь шоронгийн тав болдог. Н.Энхбаяр, М.Энхболдын үед нэгнээ хутгалаад, амьд нь цаазлуулаад харамсавч барахгүй юм болсон.
Харин “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн ийм булай юманд орохгүй гээд зугтчихлаа. Бодвол “Эрдэнэт”-ийн захирал байхдаа гал усан дундуур туучсан аав нь байдал бишидсэнийг мэдээд эртхэн гарахыг зөвлөсөн байх. Үнэндээ сарын 40 мянган ам.долларын цалингаас зугтдаг хүн ховор. Тэгээд ч МАН-ынханд бас нэг бодол бий, Г.Тэмүүлэн ТУЗ-д уг МАН талаасаа нэгдүгээр хүн юм шүү дээ. Тиймээс энэ “гарын үсгийн хэрэгт” МАН одоо хариуцлага хүлээхгүй боллоо. Баруунжсан хүүхдүүдэд ойлгомжтой жишээ хэлэхэд “Понти Пилат шиг гараа угаачихлаа”.
Өнгөрсөн жил “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш гэгч Бээжинд АПЕК-ийн уулзалтын үеэр манай Ерөнхийлөгчийг ажилгүй болгоод хаясан ш дээ. “Н.Алтанхуягийн Засгийн газар огцорлоо, одоо бидний ажил явна” гэсэн утгатай мэдэгдлийг яг АПЕК-ийн үеэр яаран ирж “Bloomberg”-ээр ярьсан. Үнэхээр ч явах нь явлаа, гагцхүү “хаашаа ?!”…
 
Чухам тийм шалтгаанаар Г.Уянга “С.Баярцогт та хоёр энэ ашиггүй гэрээг урагшлуулах зорилготой томилогдож байгааг би харж байна, буруу алхам хийвэл өөрийн биеэр огцруулах санал гаргана” гэж мэдэгдсэн, тэр ёсоороо л болж байна. Харин энэ бүхний цаана “Засгийн газар унагах интэй” манай Ерөнхийлөгч “борголоо уугаад, хавтангаа маажаад” сууж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Харин Засгийн газар унагадаг Сэм авга Монголд ирж, сая тонн зэсийн баярт оролцоод буцахдаа Ерөнхий сайдтай албан ёсоор уулзаагүй ч гэрт нь гурван цаг гаруй саатан морилсон талаар амтай бүхэн ярьж байна. Харин ЗГ-ын хэвлэлийн мэдээгээр бол “УУЛЗААГҮЙ.”
 
 
Манийгаа худалдаад гялайв уу?
 
 
Г.Уянгын эшлэсэн монгол ардын дууны үгийг бүхлээр нь сурч авцгаа. Дууны нэр нь “Манийгаа худалдаад гялайв уу ?” гэдэг юм.
Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаж гялайв уу?
Хүрэн дээлтэй Шанзав гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу?
Хайрцаг дүүрэн янчаанаар
Халхаа худалдсан Шанзав гуай
Богц богц мөнгөөр
Богдоо худалдаад гялайв уу?
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан Шанзав гуай
“Ноён урваач, нохой шарваач” гэдэг үг эндээс гарсныг сануулахад илүүдэхгүй. Шанзавыг зүгээр ч “хүрэн дээлтэй” гээгүй. Манжийн өндөр дээдэс хүрэн жолоо, хүрэмтэй байдгийг ёжилж, буцаж хятад лугаа эвцэлдлээ гэсэн хэрэг. Энэ дууны үг, аяыг Богдын торгон цэргийн үлээвэр хөгжмийнхөн зохиосон ба даншгийн үеэр бүх сайдууд цугласан үед гэнэт дуулж, урвагчдыг нүүр хийх газаргүй болгосон гэдэг. Харин эх оронч ван гүнгүүд ба Богд ихэд баясан “Ямар сайхан дуу вэ? Дахиулъя” гэлцэж, ард олон ихэд дэмжиж түргэн тархжээ. Энэ бол ард түмний эсэргүүцэл.
 
 
Шинэ тулгар улс орон санхүүгийн хувьд хэцүүдэж, маш амжилттай хийсэн таван замын байлдаанд их мөнгө зарснаас, алба татвар хүндэрч, ямбатан ноёдын цалин пүнлүү муудахад бараг л “цэвэр санхүүгийн ашиг сонирхлоор” Монголын зарим ноёд Дундад улсын “тэнгэр, лусын мэт хив торго, эд баялагт” шунан улсаа худалдсан юм.
 
Сүй Шү Жан, Чен И-гийн үед автономитийг устгасан 138 лам ноёнд 354 мянган лан мөнгө шагнажээ. Жагсаавал Шанзав Бадамдорж 30 000 лан, гүн Цэрэндорж 20 000 лан, Да лам Пунцагдорж, дархан чин ван Пунцагнэрэн нар 15 000 лан гэхчлэн авчээ. Энэ бол яг одоогийн схем. С.Баяр хэдийг, С.Баярцогт хэдийг аваад цаадах хэдэн зуун гар хөлд хэдийнхэн оногдоо бол ? гэдэг л асуулт. Үүнд нь бас л Ерөнхий сайдын хувьд оролцсон Ч.Сайханбилэг яагаа бол ? гэдэг л асуулт ба ёжлол. Харин энэ монгол ёжлолын дараа жинхэнэ баталгаа нотолгоо эхлэх нь мэдээж хэрэг. 
 
 
Тэр үед Хүрээний Шанзав Бадамдорж Сүй Шүжанаас чийчаан тэрэг авах болж тэсэн ядан хүлээж байтал хүүхдүүд дэггүйтэж гадна нь чийчаан мэт дуугарсанд ямба ёслолын хувцсаа өмсөж сандран гарч иртэл шоолон зугтаж монгол түмний шившиг болжээ. Үүнд Бадамдорж ихэд уурлаж, аймгийн гэсгүйд тэр орчмын хүүхдүүдийг шийтгэхийг тушааж байж. Хүрээ тэр үед хороо биш аймагт хуваагддаг байсан, энэ аймаг нь засаг захиргаатай шууд утгаар холбогдохгүй, буддын их, бага ухаанаас үүдэлтэй ойлголт, ер нь та нар ийм юм ойлгох ч үгүй дээ.
Нууц юм байдаггүй болохоор Хүрээний хүүхдүүд хүртэл адгийн хорт муу явдлыг мэдэж байж. Үр хойчийнхоо өмнө үүрдийн шившиг тарьснаа өөдгүй шаарууд та нар харвардын боловсролоор хаацайлах ямар ч боломжгүй…
 
Урвагч ноёд бичиг илгээн улааны аюулаас авран гуйхыг хүссэний дагуу Сүй Шүжан Хүрээг төвөггүй эзэлснээс биш, таван замын байлдаанаар өвөрмонголыг чөлөөлчихөөд яг өнөөгийнх шиг гадныхны санхүүгийн боомилолтоор цэргээ татсан Монголчууд тэднийг нэвтрүүлэхгүй цохиж чадах л байсан. Зүүн хязгаараас манлай баатар, ван Дамдинсүрэн “Хятадыг оруулахгүй цохин устгаваас зохино, дорнод этгээдээс хятадын цэрэг оруулахгүйг би хариуцна” гэсэн бичгийг илгээж, үүнийхээ төлөө гамингийн шоронд босоогоороо үхсэн юм. Эх орончдын суу алдар бадраг, үүний адил эх орноо худалдагчдын шившгийг бүү мартагтун !!!
 
Мөн энэ үеэр:
Зоостой таван зуун цэрэг
Зоосоо хуалаад мордсонгүй
Зоосгүй таван зуун цэрэг
Зовлонгоо тоолоод мордлоо гэж дуулж байсан.
Хуалсан цэргүүд нь хуарандаа зэвсгээ хураалгаад айлын түлээ хөрөөдөж, захаас мах хүргэж амь зуудаг болсон юм. Зовсон цэргүүд нь суу алдраа мандуулж, Хүрээг чөлөөлөлцсөн юм. Ашгаас өөрийг хардаггүй адгийн шааруудаас болж эрх ашгаа ингэж алддаг юм. Монголын цэргийг дагаж Ар монголд ирсэн өвөр монголын 2000 иргэн амьдралаа алдах шахсан. Дамдинсүрэн, Тогтох тайж, Хайсан гүн зэрэг өвөрлөгч эх орончид энд хавчигдан зовж, хоригдон зовж байхад байхад эрх баригч шанзав тэргүүтэн нарийн хоол идэж, чийчаанаар зугаалж байсан. Одооны урвагчид жиптэй зугаалж байгаад ямар ялгаа байна ?!
 
Зүүн хязгаарын дайнд баатарлан оролцсон Сүхбаатарыг ч гэсэн гунигт төгсгөл хүлээж байсан байж мэдэх. Тэр Баяр гүний зуутын пулемёт сумангийн дарга байсан. Харин Баяр гүн бол тайж, горлос Тогтохын хамт ар монголд ирсэн харчин баатар байсан.
Агт морио унаад гарахдаа Тогтох тайж
Алт мөнгө олз ашгийг бодсонгүй ээ хө
Ар өвөр хошуу нутгаа хамгаалахын төлөө
Арван зургаан яаманд хүрсэн дээрэм нэртэй болов оо хө…
Эх орныхоо төлөө, улс үндэснийхээ төлөө зүтгэгчид цөвийн муухай цагт зоос мөнгөний ашгаар ингэж нэрээ бузарлуулдаг юм. Өнөөгийн бузар санаатны задгай мөнгөнд идэгдсэн учраа мэдэхгүй хүүхдүүд хуучин түүхээ мэдэхгүй, эртний дууг зохиосон шүлэг гэж мэдэмхийртлээ элийрч, улс орныхоо эрх ашгийг бодсон нь ийм адгийн амьтсын шар завьжны зугаа болохыг би л лав тэвчихгүй…
 
Барууныхныг муулаад хятадаас ирсэн өвөрлөгчдийг магтлаа гэж солиороод үзээрэй та нар. Тогтох тайжтай ирсэн 32 баатар автономитийн талд, дараа нь Хүрээг гамингаас чөлөөлсөн бароны цэрэгт байлдсаар хувьсгалын дараа Түшигцагааннуур суманд нутаг заагдаад хэлмэгдлийн үед орвонгоороо хядуулсан. Тэд харчинд босч, Хиагтаар дамжин монголд ирж, Ховдыг чөлөөлж, таван замын байлдаанд оролцож, Баронтай хүрээг чөлөөлж, Хиагтаас зугтсан гаминг хядаж, эцэст нь Сүхбаатарт ялагдсан. Тэндээсээ Баяр гүний гуйснаар Сүхбаатарын цэрэгт орж, Хүрээг чөлөөлөлцсөн.
 
Даанч тэдэнд тэнгэрийн муу хүртээл оногдсон. Манай бие даасан тусгаар төр өөрийн толгойтой байсан бол ингэхгүй байсан. Баяр гүн өөрийн сумангийн дарга байсан Сүхбаатарт алуулж, Тогтох тайжийн өргөмөл хүү учраас С.Буяннэмэхийг цаазалж, монголыг монголоор нь алуулж байсан юм тэр үед. Тийм үеийг 354 мянган лан мөнгөөр улсаа худалдсан адгийн шаарууд анх үүсгэсэн юм. Тэр нь лан мөнгөөр бусдыгаа худалдаж муучилсан хараал идмэрүүдээс эхэлсэн юм.
 
 
Харин сохор түвд Жавзандамба, 400 цэргээр Хиагтыг чөлөөлж “мэдээж” чадахгүй өвөрмонголоос гаралтай Д.Сүхбаатар, Барга хүний бутач Х.Чойбалсан, Хиагтад байлдсан ташуураас өөр юмгүй бөөстэй малчид гэх мэтийн монголоо гэсэн болгоныг муулсан наад харилхсан тэнэг суртал чинь эргээд энэ улс орныг “тоглоомон” улс болгож байна. Монголын асуудал Улаанбаатарт биш Дубайд шийдэгддэг болсон байна. 
Ийм юм хийчихээд “Би монгол хүн, багаасаа монгол хэл сурсан” гэж суух ч ичиж үхмээр юм байна. Юмыг шууд утгаар нь л ойлгодог “үгний цаана үг, үхэрт гиван” гэдгийг ч мэдэхээ байчихсан ийм толгойтой улс болжээ, бид.
 
 
Г.Уянга бичгийн хүн юм болохоороо үгийн наадаан хийгээд яг бадарчны үлгэрт гардаг шиг хөгийн байдалд оруулж элэг аваад хаяж байна шүү дээ. “Монголд оногдох 75 хувийн тухай “Оюу толгой”-н пиарчдаас асуу” гэж хариулж байгаа амьтантай юу ч ярих вэ дээ ?! “Оюу толгойг өмөөрөгчид монгол хэл сайхан сурч, баяр хүргэе!” гэдэг нь өөрийг чинь шууд “Оюу толгойн пиарчин” гэсэн байна, Сайханбилэг ээ !!! Монголоо алдсан хүнд одоо ингэж тайлбарлаж ойлгуулахаас өөр яах юм ! Үнэхээр эд нар монголоор сэтгэж чадахаа байж. Энэ онигоо удтал салахгүй л дээ, энэ залуугаас. Ямар сайндаа л нэг хашир гишүүн “Ээ туучий, нөгөөх чинь шууд утгаар нь ойлгоод явчихлаа” гэж толгойгоо барьж байхав дээ.
 
“Танхил өссөн миний амраг таван үгэндээ танигдаад байна” гэж ардын дуунд бас дуулдаг юм аа, хүү минь ээ. Эмэгтэй хүнээр эмзэгхэн, энхрийхнээрээ дуудуулж байгаа ийм амьтдад нээрээ юу бодож төрөө өгсөн юм бол оо ?! Та нар наад Г.Уянгын үг болгоны ард юу байгааг бодож бай л даа. Тархи чинь ажиллахгүй бол массаж хийгээд ч болов ажиллуул л даа…
 
 
Хөгжлийн банкаар дамжуулж хэдэн хүүхэд хөлсөлдөг, тэрийг Баабар зуучилж, үг заадаг, Баабар нь ч гэж чааваас, “Шилдэг нийтлэлчдийн клуб” гэж хүний нэр барьж мөнгө олдог, ийм олхиогүй байвал Та нарыг хэн ч энэ улсад шоолох л болно. Ард түмнээ “хар масс” энэ тэр гэж шоолох дуртай хэдэн хүүхэд ардын аман ярианд бүдэрч байна даа, хөөрхийс. Монголоо алдаагүйсэн бол ийм айхтар ухаантай хэвээрээ байх байсан юм аа, хүүхдүүд ээ !!!
 
 
Боловсрол гэж ийм юмыг хэлдэг юм аа, монголоор боловсорсон бол ийм үг хэлдэг юм аа, таван үгэндээ танигддаг харвардын дипломтонгууд аа, таван минутад ийм өргөн агуулгатай үг хэлдэг юм аа. Ахиж тайлбарлаж чадахгүй шүү муу ах нь.
Ер нь ч тэгээд Та нарт тайлбарлаад байх ямар ч шаардлага байхгүй дээ… 
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?