sonin.mn
ОХУ- ын Ерөнхийлөгч В. В. Путины зарлигаар Дундговь аймгийн харъяат ахмад дайчид Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг энгэртээ зүүлээ.
Ахмад дайчдад ялалтын ойн медалийг ОХУ- ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дмитрий Викторович Анкин Мандалговьд өнөөдөр хүрэлцэн ирж гардуулсан юм.
 
Ялалтын ойн медалийг ахмад дайчин Дэрэн сумын И.Пүрэвжалба, Өндөршил сумын Д. Батсүх, Адаацаг сумын П. Ёндонпэрэнлэй, Луус сумын Т. Дагдан, Баянжаргалан сумын Ч.Ишдовдон, Эрдэнэдалай сумын О. Осоржин, Сайнцагаан сумын Ч. Найдандоо, Ө. Дамдин, Х. Дорж, Н. Батсүх, Э. Лувсанравдан, И. Дамбий, Ц. Шагдарсүрэн, Сайхан- Овоо сумын Д. Содном нарын 14 ахмад дайчин энгэртээ зүүсэн юм.
 
 Ойн медаль гардуулах үеэр Дмитрий Викторович Анкин хэлсэн үгэндээ эх орны дайны үед Монголын ард түмэн бүхнийг фронтод уриатайгаар зөвлөлтийн дайчдад тусалж байсан нь түүхт ялалтад оруулсан томоохон хувь нэмэр байсныг тэмдэглээд жилээс жилд ахмад дайчдын тоо цөөрсөөр байгаа хэдий ч өнөөгийн энэ энх тайван цаг үеийг авч үлдээж чадсан баатарлаг гавъяа нь мөнхрөн үлдэж байгаа. Энэ мөнхийн гавъяа хоёр орны найрамдлыг гүнзгийрүүлсээр ирсэн хэмээн онцолсон юм.
 
Дундговь аймгийн харъяат 700 гаруй залуу 1939- 1945 онд халх голын болон чөлөөлөх дайны фронтод дайтаж явсан байдаг. Өнөөдөр 14 ахмад дайчин тус аймагт энх тунх аж төрж байна.
 
Дундговь Т. Отгонтуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг