sonin.mn
Жил бүрийн тавдугаар сарын 25 өмгөөлөгчдийн хувьд тэмдэглэлт өдөр нь байдаг. Энэ өдөр өмгөөлөгчид иргэд, аж ахуйн нэгжид эрх зүйн үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохиох, илтгэл нийтлэлийн уралдаан явуулах зэргээр нийгмийг хамарсан олон төрлийн ажил өрнүүлдэг билээ. Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны дарга, хуульч, өмгөөлөгч З.Сүхбаатартай уулзаж хөөрөлдөв.
 
 
 
-Хоёр этгээд үл ойлголцсоноос маргаан үүсдэг. Тэгээд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа хүсдэг, өмгөөлөгч туслалцаа үзүүлдэг... ийм нэг тогтсон ойлголт нийгэмд байдаг...?
 
-Энэ бол хувийн өмчийг үгүйсгэж байх үеийн ойлголт. Одоо өмгөөлөгчийн ажил хэргийн хүрээ маш их өргөжсөн. 
 
-Тухайлбал?
 
-Цонхоор харья л даа, хоёул. Энүүхэнд, бүтээн байгуулалт өрнөж барилга баригдаж, зам тавигдаж байгаа биз.
 
-Тийм байна.
 
-Зөвхөн эдгээрт л гэхэд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх маш олон ажил байгаа гээд бод доо. Өмгөөлөгч бичиг баримтыг нь боловсруулж өгнө. Гэрээ хэлэлцээр хийхэд нь зөвлөгөө өгнө. Барилга дээр ажиллаж байгаа ажилчдын аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай журам, зааварчилгаа зэргийг боловсруулж өгнө. Цаашилбал, нэг барилга барихын тулд маш олон зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Тэр болгонд өмгөөлөгчийн зөвлөгөө туслалцаа хэрэгтэй болно. Товчхондоо, өнөөдөр өмгөөлөгчийн ажил мэргэжил хөгжлийн төлөөх үйлсэд маш ихээр хувь нэмрээ оруулж байна.
 
-Хөгжлийн төлөөх үйлст оролцох гэдэг сайхан сонсогдож байна...?
 
-Мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийн дүгнэлтийг хөрөнгө оруулагчид ихээр хэрэглэдэг болсон. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүн газар нь маргаантай байвал хөрөнгө оруулалт хийх үү.
 
Энэ бол дэлхийд нэгэнт төлөвшчихсөн ойлголт. Манай улсын зах зээлийн харилцаа, хөрөнгө оруулалт идэвхижилтээс хамааран хууль эрх зүйн магадлан дүгнэлт гаргуулах байдал өсөн хэмэгдсээр байгаа.
 
-Шинэ тутам зүйл хөлөө олж хүчээ авахад зовлон бэрхшээл мунддаггүй шүү дээ...?
 
-Байна, байна. Өмгөөлөлд тохиолдож буй саад бэрхшээл, хор уршиг цөөнгүй байна. Хууль тогтоомжийн зарим нэг зүйлийн тодорхойгүй байдал, шинэтгэлийн доторх хоцрогдол, зарим нэгэн төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал дур зоргийн байдал, мэргэжлийн нэр хүндэд халдаж байгаа муу зүйлүүд, нийгмийн ухамсар соёлын өнөөгийн байгаа байдлыг дурдаж болно.
 
-Өмгөөлөгч бол хуулийн театрын гол дүрийн жүжигчин гэж ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн ах нэгэнтээ хэлж байсан. Энэ цагт гол дүрийн тоглолтоо хийх боломж нь өмгөөлөгчдөд хэр арвин байдаг юм бол доо?
 
-Хянан шийдвэрлэх ажиллагаа бол амьд үйл явц. Ухаан билэгт хүмүүн энэ утгыг нь бодож ийм үг хэлсэн байх. Энэ амьд үйл явцад хамгийн идэвхитэй оролцогч, байр суурь нь бусдад очиж ихэд наалддаг хүн бол өмгөөлөгч юм. Шүүгч бол тийм байж чаддаггүй. Процесстоо захирагдана. Тэр болгон дуу шуу болоод байхгүй. Сонсоно, нягтална, шаардлагатай бол асууж лавлана. Эцэст нь шийдвэрээ гаргана.
 
Харин өмгөөлөгч уран цэцэн үгээрээ байна уу, цуглуулсан баримт сэлтээрээ байна уу, хуулийн нарийн ширийн зохицуулалтаас оновчтой гарцтайг нь олж харснаараа байна уу үйлчлүүлэгчийнхээ талд шийдвэр гаргуулахад хууль ёсоор нөлөөлөх л үүрэгтэй байдаг.
 
Зарим процесс унтаахай болж байгаа харагддаг. Судалгаа хийгээд сууж байхад, өөрөө процесст оролцдог хүний хувьд анзаарахад. Гэхдээ процесс болгон мундаг өрнөлтэй, мэтгэлцээнтэй байх нь ховор.
 
-Өмгөөлөгчид ер нь их боддог хүмүүс байх. Тийм үү?
 
-Тийм шүү. Хүнтэй уулзахаас л бодож эхэлнэ. Энэ хүний асуудалд хуулийн ийм зохицуулалт хэрэгтэй юм байна, энэ асуудалд нь ингэж хандахгүй бол горьгүй нь гэхчилэн. Өмгөөлөгчийн хөдөлмөр бодохоос гадна бичдэг ажил шүү дээ. Бодно, бас дахин бодно. Тэгээд бичнэ. Дараа нь ярина. Түүнийгээ хүнд хүргэх нь чухал. Хүргэх хүргэхдээ шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж зөвөөр ойлгуулж, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөв-зохистой шийдвэр гаргуулахын төлөө хөдөлмөрлөж байдаг хүмүүс.
 
-Мэдлэг, боловсрол, дадлага, туршлага, мэдрэмж, туулсан зам мөр, нинжин сэтгэл... эд бүгдийн алийг нь өмгөөлөгч хүн эн тэргүүндээ тавивал зохилтой вэ?
 
-Өмгөөлөгчид байх чанарыг тойргоор жишээлэн авч үзвэл энэ бүхэн бүгд л байх ёстой зүйлс. Үйлчлүүлэгчдээ энэрэнгүй нинжин сэтгэлээр хандаж байгаагаараа анхаарлыг нь татаж болно. Энэ бол мөнөөхөн тойргийн нэг л сектор нь юм. Өмгөөлөгч хүнд аливаа хүнийг ойлгох, сэтгэл зүрх рүү нь өнгийж харах чадвараас гадна мэдрэмж чухал. Мэргэжлийн мэдрэмж. Процессын ажиллагаанд энэ нь өмгөөлөгчдөөс тод харагддаг. Анзаарагддаг. Боловсрол гэж ярих нь хангалтгүй болж байна. Тухайн асуудлаар мэргэших нь чухал байна.
 
Жишээлбэл, Улсын дээд шүүхэд зөвхөн хууль хэрэглээний маргаан л болдог. Тэнд үйлчлүүлэгч маань ийм хүн юм, ингэж зовж зүдэрч яваа юм гэж яриад ач холбогдол багатай. Тэнд хуулийн нарийн ширийн ээдрээ төвгийн мөн чанарыг гарган ирж,  үйлчлүүлэгийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж авч үлдэх нь л чухал шүү дээ.
 
-Өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэж байгаа сайн үйлс олон л доо. Түүнээс бүр тодорхой заримыг нь онцолбол...?
 
-Францын Андре Мари Жан Жак Дюпен гэж хүний хэлсэн үг байдаг. Улс орон эр цэргүүдээрээ төдийгүй өмгөөлөгчдөөрөө хамгааллагдаг гэж. Энэ юуг хэлж байна вэ?!!
 
Өнөөдрийн нийгмийн үнэт зүйлийг, Үндсэн хуульд бичээстэй байгаа “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрх эхм зорилго” мөн ардчилал, шударга, ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмуудыг олон хууль тогтоомжоор утгажуулаад хэрэгжүүлж байгаа. Энэ болгоны хэрэгжилтийг хангах гэж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад хүний эрхийг хамгаалах гэж л өмгөөлөгчид хөдөлмөрлөж байгаа.
 
Нэг хэрэг маргаан, нэг тохиолд бүрийг шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэрийг ард шударга ёс оршин байдаг бөгөөд хууль зөрчсөн, шударга ёсонд харш үйлдлийг зогсоолгож байдаг. Үүгээрээ өмгөөлөгчид нийгэмд сайн үйлийг авчирдаг.
 
-Жил бүрийн тавдугаар сарын 25-ныг Монголын өмгөөлөгчдийн өдөр болгон тэмдэглэдэг. Яагаад энэ өдрийг онцлоо вэ?
 
-Манай улсад шинэ цагийн өмгөөлөл үүссэн нь ХХ зууны эхэн үе юм. Тодруулах юм бол, 1924 оны 5 дугаар сарын 25-нд Шүүн таслах ба прокурорын газруудын дагаж явах дүрэм гэж батлагдсан байгаа. Энэхүү дүрмийн 44 дүгээр зүйлд өмгөөлөлийн үйл ажиллаганы тухай зохицуулсан байдаг. Шинэ цагийн шийдвэр баримт бичигт өмгөөллийн үйл ажиллагааны тухай анх орсон нь тэр байх.
 
Харин 1928 оны 5 дугаар сарын 25-нд Шүүн таслах тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм гэж батлагдсанаар өмгөөлөгчийн эрх зүйн байдал манай улсад тодорхой болж, өмгөөлөгчдийн байгууллагын үндсэн суурь тавигдсан гэж үздэг.
 
-Дээр дурдсан дүрэмд өмгөөлөгчийн тухай дурдсан гэлээ. Тэнд чухам юу гэж дурдаа вэ?
 
-Дүрмийн товчоонд мэргэжилтэн биш атлаа би таны зовлон бэрхшээлийг зохицуулж өгч чадна аа гэж санал гаргасан хүмүүст олон түмэн итгэж хөрөнгө мөнгөө зарж, цаг заваа алдаж дунд нь хохирч байна. Энэ байдлыг үгүй хийх зорилгоор бүлгэм байгуулж албан ёсжуулна гэж хэлж өгсөн байдаг.
 
Бүр тодорхой нь “Монголчууд элдэв уналга хөсөг зэргийг хэрэглэн аж төрөх амьдралыг эрмэлзэн хүсч, төв Улаанбаатар хотод ирээд зальт этгээдэд мэхлэгддэг улмаас гэм будлиан гарахад чухам хаа очиж хэрхэн мэдүүлэх учраа олдоггүй, харин ховдог шунахай этгээдэд үлэмж үнэ хөлс өгөөд өргөдөл бичиг зэргийг бичүүлэхээр үл барам хэл бичиг үл мэдэх гадаадын хүмүүст хэрэг тохиолдох бүр бусдад маш их хэмжээний хөлс өгч зааварлуулах зэрэг бэрхшээлүүд гарч байна” гэж өгүүлсэн байдаг.
 
-Иймийн учир...?
 
-Өмгөөлөгчийн ажил мэргэжил нийгэмд хэрэгтэй нь тодорхой болоод ирсэн байна, нэг талаар. Нөгөө талаар угаасаа энэ бол эртнээс үүссэн нийгэмд заавал байх ёстой мэргэжил юм. Өмгөөлөгч бол хүмүүнлэг сэтгэлгээний ажил мэргэжил юм.
 
Өмгөөлөгч бол наана хэлэхэд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, цаашилбал, улс орны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө хууль хэрэгждэг байх, нийгэмд шударга ёс тогтож байх, нийгэмд алагчлахгүй үзэл байдаг байх, энэ тогтолцооны төлөө л хөдөлмөрлөж байгаа мэргэжилтнүүд юм.
 
-Тэртээх 1928 онд батлан гаргасан дүрэмд тусгалаа олсон үзэл санаанууд одоо хэр өөрчлөгдөө бол?
 
-Баяжиж нарийвчлагдсан нь бол байна л даа. Түүнээс биш тухайн үед батлагдсан зүйл маш их алдаатай, утгагүй гэдэг юм бол байхгүй. Эрүү иргэний байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаална аа гэдгийг тухайн үеийн журам дүрэмд хийж өгсөн бол өнөөдөр тэр зарчмаараа л явж байгаа. Мэдээж зохицуулаглалтын хувьд нарийн, дэлгэрэнгүй болсон зүйлс байна.
 
Ухаан нь, 1928 онд гадаадын этгээд Монголд өмгөөлөгчийн ажил эрхэлж болно гэж байсан бол саяхан Хууль зүйн сайдын гаргасан журмаар Монголд гадаадын өмгөөлөгч хуульч ажиллаж болно гээд шийдчихлээ. Гэхдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэл төрөл нь бол өөр өөр. Зарчмын шинжтэй зүйл ингээд байж байна.
 
-Хуульчдад зориулсан нэг арга хэмжээн дээр “өмгөөөлөгчид бол төрийн тулгуур” гэж хэлж байсныг тань санаж байна. Яагаад төрийн тулгуур гэж?
 
-Өмгөөллийн үйл ажиллагааны язгуур үндэс нь ёс суртахуун, хууль хамгаалах үзэл санаа, хүний эрхийг дээдлэн хүндэтгэх ёсон байдаг. Энэ утгаараа өмгөөлөгчид бол хэргэм зэрэг авч суудалд залагдаагүй төрийн тулгуур юм.
 
-Өмгөөлөгчийн ажлын бахархал нь юу вэ?
 
Өмгөөлөгчийн мэргэжлийн ажил бол хууль зүйн зөвлөгөө болон өмгөөлөл байдаг. Нэлээн анхаарал татах өрнөлтэй тал нь өмгөөлөл. Өмгөөлөл нь хүний эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх туйлын хүслэнгээс эхлэлтэй юм.
 
Өмгөөлөл нь хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрөгдөж бас түүгээр хязгаарлагдаж байдаг бөгөөд энэ нь өмгөөлөгчийн үг, үйл хөдлөлөөр илрэн гардаг.
 
-Өдгөө та Өргөөгөөс угшилтай Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Нийслэлийнхээ тухай ямархан бодол тээж явдгаасаа хуваалцана уу?
 
-Нийслэл бол тухайн улсын төв хот нь байдаг. Манай нийслэл хот бол монголчуудын ажил амьдралын, соёл иргэншлийн, улс төрийн хүрээ нийлсэн том нэгдэл.
 
Хуульч хүний хувьд ажил мэргэжлийн талаасаа ярих юм бол дээр нэгэнтээ дурдсан анхны Шүүх таслах ба прокурорын газруудыг дагаж явах дүрэм хийгээд Шүүн таслах тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм бүгд нийслэлд л анх батлагдаж байж.
 
Мөн хүний эрхийн төлөөх үйлс нийслэлд маш өргөн далайцтайгаар өрнөж байдаг. Шинэ шинэ харилцаа, шинэ шинэ эдийн засгийн ололт, түүнийг дагасан шинэ шинэ хууль зүйн зөвлөгөө, шинэ шинэ ажил мэргэжлийн чиглэлүүд мөн л үүсч хөгжиж байна гэсэн үг.
 
Өнөөдөр Монголд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 2000 гаруй хүний дийлэнх буюу 80-аад хувь нь нийслэлд ажиллаж байна. Тэгэхээр Улаанбаатар нийслэл, Монголын өмгөөлөгчдийн байгууллага хоёр салшгүй хүйн холбоотой болж байгаа биз.
 
-Улаанбаатартай анх хэрхэн танилцаа вэ?
 
-1997 онд оюутан болохоор, Хууль зүйн сургуульд суралцахаар Хэнтий аймгаас анх хотод ирж байв. Түүнээс хойш дөрвөн уулын дунд ажиллаж амьдарсаар өнөөг хүргэлээ.
 
-Манай хотын хөгжлийн давуу тал нь юу бол оо?
 
-Нэг ололт нь оршин суугчид. Оршин суугч олширч, төвлөрөл ихсч байгаа нь зөв чиглүүлж чадвал эргээд хот хөгжих гарц болох нь мэдээж. Төлөвлөлт, чиглүүлэлтээ л оновчтой хийж чадвал шүү дээ.
 
-Оновчтой төлөвлөлтийг эрх зүйн талаас нь яаж зохицуулвал зүгээр вэ?
 
-Хууль эрх зүйн талаасаа зохицуулалт байхгүй, тийм учраас эмц цэгцгүй болоод байна гэж хэлж чадахгүй. Зохицуулалт бол байна. Гол нь хэрэгжихгүй байгаад учир байна. Хэрэгжих шатанд нь ямар нэгэн доголдол үүсээд байна.
 
Төрийн байгууллагын мэргэжилтнүүд, төрийн мэргэшсэн албан хаагч гэж хэллэг байдаг даа. Энэ хүмүүс тогтворгүй байна. Их солигдож байна. Тэгэхээр залгамж халаа байхгүй болчихож байгаа юм. Шинэ ажилд тохоон томлогдсон хүн ажил албатайгаа танилцах, гарших гэсээр тодорхой хугацааг туулна шүү дээ.
 
Гэтэл төд удалгүй солигдчихоор бодлого шийдвэр нь амьдралд хүрч амждаггүй. Хийх гэж бодож төлөвлөсөн нь гүйцэлддэггүй. Ийм зовлон байна.
 
Хотын хөгжилд саад болж байгаа нэг зүйл бол хариуцлагын тогтолцоо бүрэлдэж чадахгүй байгаатай холбоотой. Хууль байгаад хэрэгжихгүй байгаа тухай яриад байна. Хэрэгжүүлэхгүй байгаа хүнд ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байгаа юм.
 
-Тодорхой жишээ татаж болох уу?
 
-Зөв ажил хийж байсан хүнийг янз бүрийн шалтгаанаар ажлаас нь халчихдаг. Тийм жишээ олон. Буруу зүйл хийгээгүй шахалтад ороод ажлаасаа халагдсан хүн шүүхээр заргалдаад гурван сарын дараа, хагас жилийн дараа, жилийн дараа ажил албандаа эргээд очдог.  Тэгэхэд нь өөр нэг хүн оронд нь ажиллаж байдаг. Нөгөө хүн ажилгүй байсныхаа цалинг авдаг. Хотын хөгжилд зарцуулагдах байсан мөнгө энэ мэтээр дэмий урсаад байдаг. Энэ бол төрд л учирч байгаа хохирол.
 
Гэтэл ийм хохиролтой шийдвэр гаргасан хүнд хариуцлага тооцдог механизм хэрэгтэй байна.
 
Мөн хавар нь зам тавиад, намар нь нөгөө замаа ховхлоод авчихсан шугам засч байдаг. Энэ бол хотынхонд төлөвлөлт байхгүй байгаагийн илрэл. Ажил хэргийн уялдаа байхгүйн илрэл. Цаана нь хүч хөдөлмөр, хөрөнгө ашиггүй урсч байгааг бодох хэрэгтэй.
 
-Хотын хүн гэж өөрийгөө бардам хэлж чадах уу. Ер нь хотын хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
 
-Хотын хүн бол хотын соёл, хотын алхаанд хөл нийлүүлж, түрлэг өргөж явах ёстой гэж боддог. Соёл бол хүнийг зөв үйлд шамдах, гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, ёс суртахуунтай байхад хамаардаг. Ёс суртахуунтай хүнийг соёлтой хүн гэдэг. Соёл нь урт удаан хугацааны туршид боловсруулагдан уламжлагдаж ирсэн зан үйл, итгэл үнэмшил, эрхэмлэн дээдлэх зүйлс гэдгийг мэд мэдмээр.  Тиймээс хотын соёлыг өөртөө суулгасан хүнийг л хотын хүн гэж хэлнэ шүү дээ. Ядахдаа гарцаар гэрлэн дохионы дагуу гараад сурчихмаар. Хотын соёлын нэг л элемент нь энэ. Улаан гэрэл асч байхад гүйж гарч унаа тэрэгтэй хүмүүсийг бухимдуулан сигналдуулаад ямар хэрэг байнав.
 
Гудманд санамсар болгоомжгүйгээсээ болоод хэн нэгнийг тавгүйтүйлсэн бол уучлал гуйгаад сурчихмаар. Унаа тэрэгтэй нь яарч сандарч яваа нэгнээ хүндлээд урдуураа гаргачихмаар.
 
Зам талбайд хэвтээ хогийг түүгээд явдаггүй юм гэхэд өөрөө хог хаядаггүй баймаар. Соёлжихын тулд суралцах, хөгжихийн тулд хөдөлмөрлөх гэж зүйр үг бий дээ.
 
-Түгээн дэлгэрүүлмээр, магтаж сайшаамаар ямар сайхан зан чанар манай хотынхонд байна вэ?
 
-Ажил хэрэгч шамдангуй болж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй.
 
-Тэгтэл давын өмнө засчихмаар дэмий зан нь юу вэ?
 
-Адгуу, хүлээцгүй. Түүнээсээ болж маргалдана, нэг нэгнээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилно. Үүнийгээ л больчихвол аяндаа амгалан тайван байдал ноёлоод, инээмсэглэл, найрсаглал нь давамгайлаад ирнэ шүү дээ.
 
-Хотын төвөөр хэр алхдаг вэ?
 
-Алхана аа. Манай ажил Гадаад яамны дэргэд байдаг. Ажлын шаардлагаар эргэн тойрондоо алхана. Хавар, зун, намарт болж өгвөл алхдаг даа.
 
-Манай нийслэлд үндэсний гэх өвөрмөц хэв маяг алга гэж ярих хүн байдаг. Харин өөрөө  энэ талаар ямар бодолтой явдаг бол?
 
-Яахав, төвдөө орчин үеийн хотын дүр төрх бий болчихлоо. Байшин барилга, гудамж талбай гээд. Хотоос гадагш дөч, тавин км давхиад л уламжлалт хэв маягаас харж болно. Нэг их хол зай биш биз дээ. Соёл иргэншлийн хослол байна. Байгалийн сайхан тогтоц байна. Богд уул маань, Туул гол маань. Энэ бол манай хотын хэлэхгүй байхын аргагүй онцлог дүр төрх мөн л дөө.
 
-Шинэ зуун, шинэ мянган урган гарснаас хойш Улаанбаатарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтыг нэрлээч гэвэл...?
 
-Хэлбэр, агуулга талаасаа гээд яривал янз бүрийн хариулт гарч ирнэ. Хуульч хүний хувьд хүний эрх тал руу нь хандуулж хэлье. Хотод хүмүүс чөлөөтэй зорчиж ирж, суурьшин амьдардаг болсон. Энэ бол нэг том ололт. Үүний цаана хүнйи эрхийн олон чухаг зүйлс агуулагдаж байгаа.
 
-Нийслэлд үргэлж очих дуртай газар байдаг л байлгүй...?
 
-Багадаа би Хэрлэн голынхоо хөвөөгөөр зугаалж, умбаж шумбаж, загас жараахайтай хөөцөлдөж өссөн хүн. Тийм болохоор Туул гол дээр очих дуртай. Урсгал хараа л суух сайхан. Гоё байдаг юм.
 
-Туулын урсгал шөнөдөө сайхан сан... гэж аяланхан суух уу?
 
-Өө, би дуу хууранд маруухан. Харин сайхан дууг бол сонсоно шүү.
 
-Ажил албаны хэргээр энд тэнд олонтаа явсан биз. Дэлхийн хотуудаас хамгийн ихээр таалагдсан нь аль улсын ямар хот вэ?
 
-Парис надад аятайхан санагдсан. Эмх цэгцтэй. Хотын төлөвлөлт зохион байгуулалт сайтай. Хүмүүс нь найрсаг. Ер нь тэгээд Сөүл, Токио, Вашингтон... том хотуудад нэг тийм адил шинж байна. Орчноосоо болдог сон уу, хүмүүс нь тааваараа, гудамж талбайгаараа машин тэрэг нь элбэг ч манайх шиг орилолдож бахиралдаад байхгүй.
 
-Улаанбаатартай холбоотой нандин дурсамж олон байж таарна. Ганц нэгийг сонирхуулна уу?
 
-Хувь хүнийхээ хувьд Улаанбаатарт боловсрол эзэмшлээ. Ажлын гараагаа Улаанбаатараас эхэллээ. Хувийн амьдралаа Улаанбаатарт зохиолоо. Энэ болгон нандин сайхан дурсамж болно доо. Хувь хүний түүх намтар хоттой холбоотой зүйл их байна. Бүгд л хоттой холбоотой.
 
Эх сурвалж: