sonin.mn
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.05.26/ үдээс хойш хуралдаж, эхлээд Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч салбарын сайд болон ажлын хэсгийн зарим гишүүд хуралдаанд ирээгүйгээс уг асуудлыг хойшлуулав.
 
 
 
Ингээд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм.
 
Япон Улс 2012 оноос эхлэн боловсрол, хүний нөөцийн чиглэлээр хуримтлуулсан туршлагаа хуваалцах бодлого баримталж, тус улсын Батлан хамгаалах яамнаас “Чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг” гадаадын улс орнуудад хэрэгжүүлэх болжээ. Энэ үндсэн дээр Монгол-Японы стратегийн түншлэлийн хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд манай улстай хамтран цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулсан байна. Эл хөтөлбөрт тусгагдсан Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай зам барих ажилд зам төлөвлөх, замын хэмжилт хийх, шинээр баригдаж буй цэргийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах, манай улсад жил бүр зохиогддог “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн баг оролцуулах, цаашид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллах, цэргийн албан хаагчдыг харилцах солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Японы талаас санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах санал дэвшүүлжээ. Улмаар хоёр талын холбогдох газрууд хамтран хэлэлцээрийн төслийг боловсруулан ажлын хэсгийн уулзалтыг энэ оны 3 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулж дуусгажээ. Иймээс уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр тус байнгын хорооны хуралдаанд оруулж байгаа аж.
 
 
 
Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр төслийг дэмжсэн тул хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхөөр болов.
 
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжид үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтээ манай улс өмнөх төслүүд хэрэгжиж дуусах үеэс эхлэн илэрхийлж байсан. Харин тус корпорацын Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг хоёр дахь компакт гэрээнд хамрагдах боломжтой орноор шалгаруулсан.
 
 
 
Тус корпорац нь хоёр дахь компакт гэрээг харьцангуй цөөн тооны улстай байгуулдаг тул тавигдах шаардлага нь нэмэгддэг байна. Тухайлбал, компакт гэрээг боловсруулах үйл явц хэд хэдэн үе шаттай болсноос гадна тусламж авах Засгийн газар энэ үйл явцыг удирдан зохион байгуулах үндэсний багийг томилж, үйл ажиллагааг нь дэмжих үүрэг хүлээдэг болсон. Уг гэрээг хэрэгжүүлэх Засгийн газар үндэсний багийн тогтвортой үйл ажиллагааг хангаж, компакт гэрээний төсөл боловсруулах явцад шаардлагатай хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үүднээс тодорхой хэмжээний санхүүжилт олгох буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр байгуулахар хоёр тал тохиролцоод байгааг танилцуулав.
 
Мянганы сорилтын корпорац нь компакт гэрээг боловсруулах шатанд тухайн улс оронд ямар дэмжлэг үзүүлэх шийдвэрээ бие даан гаргадаг аж. Харин манай улсын тухайд уг гэрээг боловсруулах хоёр жил орчмын хугацаанд төсөл боловсруулах ажлын албаны ажилтнуудын цалингийн зардлыг санхүүжүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Хэлэлцээрийн төсөлд тусгагдсан нийт буцалтгүй тусламжийн хэмжээ нь 750 мянган ам.доллар байх агаад санхүүжилтийг сар бүр манай талаас заасан дансанд шилжүүлж байх юм байна.
 
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар энэхүү хэлэлцээрийн төслийг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн тухай дээрх байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
 
Ингээд хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, М.Батчимэг нар Гадаад хэргийн сайдаас асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив. Тиймээс хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгохыг зөвшөөрсөн тухай байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
 
 
 
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл", "Цахим эрүүл мэнд", “Ухаалаг засаг" төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхөөр төлөвлөсөн байсан ч санхүүжилтийн хэлэлцээрийн нийт хэмжээ нь өрийн хязгаарт нийцэж байгаа эсэх асуудлыг холбогдох байнгын хороодын хуралдаанаар нягталсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр эдгээр асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав.
 
Дараа нь “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээллийг хаалттай горимоор сонслоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.