sonin.mn
СИНГАПУР. /business.asiaone/. ДНБ-ийх нь бараг тал хувьтай тэнцэхүйц буюу зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт өргөн уудам газар нутагтай ч хүн ам сийрэг суурьшсан Монгол руу орохоор болсон.
 
“Энэ бол Монголын эдийн засаг “нугарлын цэг”-тээ ирсний тодорхой дохио юм. Сингапурын пүүс компаниуд болон хөрөнгө оруулагчид завшааныг ашиглах хэрэгтэй” гэж “Ази-Номхон далайн хөрөнгө оруулалтын түншүүд” /АНДХОТ/ группын гүйцэтгэх захирал Ли Кашелл хэлэв.
 
Монголд бүртгэлтэй хөрөнгө оруулалт-хөгжлийн конгломерат болох АНДХОТ бол зах зээлийн хувьцааны 85 хувийг эзэлдэг, тус улсын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн агентлаг юм.
 
Кашелл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сингапурт ярилцага өгөхдөө, “Монгол бол эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч Азийн улс. 2011-2013 онд тус улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор өссөн” гэжээ.
 
Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл боловсорч гүйцжээ. “Монголын үл хөдлөх хөрөнгийн түрээсийн ашиг 12 орчим хувь байх боломжтой. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн бусад улсынхтай харьцуулахад хамаагүй өндөр хувьтай гэсэн үг” гэж Кашелл хэлсэн байна. Ийм байхад таатай бизнесийн орчин, зохистой хууль журам тусалж байна.
 
Тухайлбал, тус улсад хөрөнгө оруулахад ямар ч хязгаарлалт байхгүй, хөрөнгө оруулалтын ашгийн албан татвар байхгүй бөгөөд магадгүй, Азидаа түрээсийн орлогын татвар хамгийн бага зэргийг дурдаж болно гэж тэрбээр нэмж хэлжээ.
 
Түүний үзэж буйгаар, Сингапурын санхүүгийн үйлчилгээ болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад мөн боломж  их байна.
 
Түүнчлэн Монголын уул уурхайн салбар мөчлөгтэй хэдий ч хүчтэй хэвээр байна. Монгол Улсын Засгийн газар болон дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “Рио Тинто” групп саяхан хэлэлцээр байгуулсныг Кашелл иш татжээ. Монголын хамгийн том орд “Оюутолгой”-н гүний уурхайн ажлыг гацаанд оруулсан сунжирсан маргааныг “Рио Тинто” болон Монголын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн юм.
 
Дэлхийн томоохон ордуудын хоёр нь Хятадтай залгаа Монголын талын хилд говьд байдаг билээ.
 
“Монгол бол дэлхийн хүн ам хамгийн сийрэг суурьшсан улс ч ашигт малтмалын арвин баялагтай улсуудын нэг. ... Бүх баялаг нь газар доор байна” гэж Кашелл хэлжээ.
 
Монгол нь нүүрс, зэс, алт зэрэг ашигт малтмалаар баялаг улс юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг