sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Украины талаар ОХУ-ын баримталж буй түрэмгий байр суурийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама буруушаав.
Обама өчигдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй Цагаан ордонд уулзаж, Украины Засгийн газрын хүчин болон босогчид хоорондын мөргөлдөөнийг авч хэлэлцжээ.
 
Украины хямралд ОХУ улам түрэмгий хандах боллоо гэж Обама уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдэв. Мөн тэрбээр хоёрдугаар сард байгуулсан гал зогсоох гэрээг бүх тал хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.
 
Гал зогсоох гэрээг хэрэгжүүлэх нь энх тайван тогтоох зам болохыг Йенс Столтенберг дурдаад, босогчдод дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг ОХУ-аас шаардав.
 
Обама Иракийн талаар дурдаад, терроризмтой тэмцэх асуудал дээр АНУ, НАТО нягт хамтран ажиллаж байгаа гэж мэдэгджээ.
 
“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд Иракийн Засгийн газарт дэмжлэг үзүүлж буй агаарын цохилтын эвсэлд НАТО-гийн гишүүн 28 улс бүгд нэгдсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг