sonin.mn
Өчигдөр дэлхийн  мэдээллийн агентлагууд  Оросын цэргийн аж үйлдвэрийн комиссын коллегийн дэд тэргүүн Олег Бочкаревын  Орос улс  “Мistral” /”Мистраль”/ төрлийн  нисдэг тэрэг тээгчдээс   татгалзсан  удахгүй  Францын  төлөөлөгчид яриа хэлэлцээр явуулахаар  Москвад ирэх гэж байгаа  тухай хийсэн  мэдэгдлийг дэлхий нийтэд цацсан.
Тэрээр Татарстанд  болж байгаа    “Мэдээллийн технологи батлан хамгаалах цогцолборт “ бага  хурлын үеэр сэтгүүлчидтэй ярилцахдаа ийн мэдэгджээ. Гэтэл өөрийн албан тушаалтны  илэн далангүй энэхүү яриаг  дуулсан  Цэргийн аж үйлдвэрийн комиссын коллегийн тэргүүн, Орос улсын шадар сайд  Дмитрий Рогозин  О.Бочкаревыг эрс буруушааж, хатуу донгодхоор болжээ. Учир нь Москва “Мистрал”-иас өнөөг хүртэл албан ёсоор татгалзаагүй байгаа бөгөөд  Францчуудыг Москвад хэн ч хүлээгээгүй  тэр ч бүү  хэл ноён Бочкарев  нэг ч удаа Мистралийн яриа хэлэлцээрт орж байгаагүй   гэх   Дмитрий Рогозины яриаг   “Коммерсант”  өнөөдрийн дугаартаа өгүүлжээ.
 
Дашрамд хэлэхэд, Орос улс Францад  “Мистраль” төрлийн нисдэг тэрэг тээгч усан онгоц захиалж урьдчилгаа төлсөн  юм. Гэтэл Украйны асуудлаас үүдсэн Европын орнуудын Оросын эсрэг авсан хоригийн хүрээнд Франц Оростой гэрээгээ цуцлах тухай төслийг ирүүлээд буй юм.Ингэхдээ  баримт бичигт нисдэг тэрэг тээгчдийг нийлүүлэхээс татгалзаж байгаа  тухай тусгаагүй  бөгөөд  6 дугаар сарын  сүүл хүртэл   хугацаа олгохыг хүссэн аж. Орос улс нэг бол  усан онгоцоо  авах, эсвэл "Мистраль" –ийн төсөлд оруулсан хөрөнгөө буцаахыг хүлээж байгаа  юм. Франц  нь  гэрээ  цуцлагдаж,  албан ёсны баталгаа авсан тохиолдолд Оросд  "алданги, зардал" нийлсэн 784,6 сая евро төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн, гэтэл үүнийг Москва  1,163 тэрбум евро гэж тооцож  байгаа юм.  Түүнээс гадна талууд бэлэн болсон хоёр онгоцыг реэкспорт хийх хувилбарыг янз бүрээр харж байгаа аж. Франц улс  мөнгийг  буцааж өгөхөөс  өмнө баталгаа хүсч байна. Орос улс төлбөрийг бүрэн барагдуулсаны  дараа болохыг шаардаж  байна /5-р сарын 15 /. Эдгээр асуудлуудыг   ирэх сарын хоёрдугаар  хагаст төлөвлөөд байгаа  Оросын шадар сайд Дмитрий Рогозин, Францын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн дарга  Луи Готье нарын яриа хэлэлцээрээр шийдвэрлэх юм.
 
 
 
 Москва хот. А.Огторгуймаа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг