sonin.mn
Улаанбаатар, Дархан хот болон 18 аймгийн 24 суманд энэ сарын 24-нд цахилгаан тасарсантай холбогдуулан өнөөдөр Төрийн өмчийн хороо (ТӨХ)-ны орлогч дарга Ж.Төмөрбаатар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер, Төрийн өмчийн төлөөлөгч Ц.Жаргалсайхан  болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийв.
Энэ сарын 24-нд баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хот даяар гэрэл цахилгаан тасалдаж, улс оронд багагүй хэмжээний хохирол учирсан. ТӨХ-ноос хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 2,2 тэрбум төгрөг хэмээн тооцоолсон. Үүнээс Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр хамгийн их буюу 1,1 тэрбум төгрөгийн хохирол амссан байна хэмээн ТӨХ-ны орлогч дарга Ж.Төмөрбаатар хэллээ.
 
Тэрбээр, Цахилгаан тасарсан үед 100 гаруй хүн онцгой байдалд ажиллаж, тус өдрийн 22.00 цагт орон даяар хэвийн горимд шилжсэн. Эрчим хүчний яамнаас Цахилгаан тасалдах болсон шалтгаан хийгээд учирсан хохирлыг нарийвчлан тогтоох ажлын хэсэг гарган ажиллаж байна. Цахилгаан тасарсанд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Ж.Равдандоржийг буруутай гэсэн мэдээлэл гарч буй нь үндэслэлгүй гэв. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх захирал ТӨХ-той хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг. Ж.Равдандорж гүйцэтгэх захирлын ажиллах гэрээний хугацаа дууссан тул энэ сарын 20-ны өдрийн ТӨХ-ны хурлаар чөлөөлсөн. Гүйцэтгэх захирлыг чөлөөлсөнтэй холбогдуулан ТӨХ-ны тогтоол гаргаж энэ компанийн Ерөнхий инженер Ц.Жаргалсайханыг Төрийн өмчийн төлөөлөгчөөр ажиллуулж байгаа” гэв.
 
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер, Төрийн өмчийн төлөөлөгч Ц.Жаргалсайхан, “Улаанбаатар дэд станцын нэгдүгээр системийн шийдэнд гадны биет хүрч богино долгио үүссэний улмаас цахилгаан тасарсан гэсэн урдьчилсан дүгнэлт гараад байна. Одоо Эрчим хүчний яамнаас гаргасан ажлын хэсэг үргэжлүүлэн шалгаж байна. Удахгүй эцсийн дүгнэлт гарах байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гал гарсан гэсэн мэдээлэл гарсан нь үндэслэлгүй мэдээлэл. Гадны биет нэгдүгээр системд хүрсэний улмаас богино долгио үүсч ойр хавьд нь байсан хуурай өвс шатсан. Үүнийг нь цаг алдалгүй унтраасан. Иймэрхүү гэмтэл байнга гарч байдаг” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг