sonin.mn
 “Чингис Лэнд Девелопмент групп- Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай дараах асуудлаар ярилцлаа.
 
 -Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Ази-Европыг холбосон транзит тээврийн коридорын хүрээнд Монгол Улс 1000 км авто зам барихаар болсон. Хурдны автозам барих ажлын эхлэл хаанаас үүдэлтэй вэ?
 
- Өнгөрсөн онд Душанбе хотноо болсон гурван орны төрийн тэргүүний уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Талын зам төсөл хэрэгжүүлэх  санаачилгыг гаргасан.  Талын зам төслийн хүрээнд таван том төсөл багтаж байгаа. Үүний нэг төсөл нь 1000 км хурдны автозам юм.
 
- Танай групп эл замыг барьж ашиглах концессын гэрээ байгуулсан. Энэ тухай тодруулахгүй юу?
 
 - 2011 оны наймдугаар сарын 16-нд Засгийн газраас барих, ашиглах нөхцлөөр  Концессын гэрээ байгуулах тендер зарласан. Тэр үед Чингис Лэнд Девелопмент групп төслийн компани байгуулж тендерт оролцсон юм. 2012 оны долдугаар сард Төрийн өмчийн хорооноос манай компанийг шалгарсаныг мэдэгдсэн. Ингээд  2013 онд Засгийн газрын 99  дүгээр тогтоолоор  концессын гэрээний хэлцэл хийсэн. Улмаар  өнгөрсөн онд гэрээг албан ёсоор байгуулсан. Гэрээний дагуу 30 жилийн хугацаанд автозамыг ашиглана. Нэг жилийн хугацаанд бид 100 гаруй тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд байна.  Хөрөнгө босгохын тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж санхүүжилтийн асуудлаа шийдэж байна. Бүс нутгийн төсөл учраас эл хурдны зам ОХУ-ын хилээс цааш Улаан-Үүд хүртэл, Эрээнээс-Бээжин хүртэл үргэлжилнэ. Хоёр хөршийн компаниудтай хамтран ажиллахаар хэлцлүүд хийсэн. Мөн техникийн болон санхүүгийн зөвлөх компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа.
 
- Зам барилгын ажлын явц ямар шатандаа явж байна вэ?
 
-1000 хүртэлх км хурдны замыг хоёр хэсэгт хувааж байгаа. Эхний ээлжийн хэсэг бол Алтанбулаг бөгөөд үүнийг нойл цэг гэж тодорхойлсон. Эндээс  Төв аймгийн Баян сум хүртэл 450 км хэсэг дээр цэг тогтоон байгаль орчны судалгаа, геотехникийн суурь судалгааг хийсэн. Өнөөдрийн байдлаар зам барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил 80 орчим хувьтай  байна. Ирэх долдугаар сард дуусна. Үүний дараа хойд хэсэг дээр зам барилгын ажлын  гүйцэтгэх сонгон шалгаруулах тендерийг зарлана. Манай ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийг Оюуны өмчөөр баталгаажуулсан.
 
-Хурдны автозамын ажлыг хэрэгжүүлэхэд ямар стандарт баримталж байгаа вэ?
 
 - Хоёр урсгал 6 эгнээтэй нийт 30 гаруй метр өргөнтэй олон улсын хэмжээний стандартын зам барина. Хурдны автозам  нь олон улсын стандартыг хангах ёстой. Монгол Улс  хурдны замын албан ёсны стандартгүй. Харин Автозамчдын холбооноос санаачилан хурдны замын стандартыг боловсруулж байна. Одоогоор Канадын Альберта мужийн стандартыг Стандартчилал хэмжилзүйн газрын зөвшөөрлөөр ашиглаж байна. Энэ дагуу замын хоёр талаар 50-70 км тутамд амралт үйлчилгээний цогцолбор, шатахуун түгээх станцуудыг барьж байгуулахаар ажиллаж буй юм. 100 км тутамд засвар арчилгааны нэгжийг байгуулна. Өөрөөр хэлбэл 1000 орчим км-т 10 орчим арчилгааны нэгж байгуулна гэсэн үг. Нэг нэгжид 20 орчим техник 50 орчим ажилчин ажиллуулахаар тооцоод байна. Ингэснээр засвар арчилгааны хэсэгт 500 орчим ажлын байр бий болно.
 
- Ингэхэд хурдны зам хэдэн аймгаар дамжин өнгөрөх вэ?
 
- 1000 гаруй км үргэлжлэхдээ 6 аймгийн 24 сумын нутаг, нийслэлийн 2 дүүргийн  нутгаар дайран өнгөрнө. Үүнтэй холбоотой суурин газрууд руу гарсан орц, гарцуудыг олон улсын түвшинд хоёр түвшний уулзвараар шийдэж өгч байна. 4 замын уулзвар хоёр газарт хийнэ. Харин гурван замын уулзварыг сумд руу чиглэсэн замд хийх юм. Түүнчлэн гүүрэн байгууламжийн хувьд 12 гүүр бий. Үүнээс хамгийн том нь Орхон гол дээр 1 км, Туул гол дээр 2 км-ийн гүүр барина. Замын туршид 5 том тунель хийхээр ТЭЗҮ-д тусгасан. Нарийвчилсан зураг дээр хамгийн урт тунел нь 1.8 км юм. Эл зам Ази-Европыг холбохын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн томоохон төвүүдийг холбоно. Замын Үүдийн чөлөөт бүс, Сайншандын аж үйлдвэрийн парк, Чойрын Ложистик төв, Дархан хот, шинэ суурьшлын бүс, шинэ нисэх буудал, Алтанбулагийн чөлөөт бүсийг холбож буйгаараа онцлогтой. 
 
Б.Заяа
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг