sonin.mn
 
Уул уурхайн сайд Р.Жигжидээс дараах асуултад хариулт авлаа. 
 
-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар таван сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан боловч биелэлт 84 хувьтай байгаа юм байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ? 
 
-Нүүрсний экспорт буурах олон шалтгаан байна. Бид нүүрс экспортлогч томоохон компанийн удирдлагуудтай сард хоёр удаа тогтмол уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсч шийдэж болохыг нь шийдээд явж байна. Хамгийн гол нь нүүрсний өртгийг буулгах шаардлагатай байгаа. Нүүрсний үнэд тээвэрлэлтийн зардал их нөлөөлдөг. Манайх одоогоор хамгийн өндөр өртгөөр буюу автомашинаар нүүрсээ тээвэрлэж байгаа. Төмөр зам барьтал автозамаараа тээвэрлэхээс өөр аргагүй. Тэгэхээр тээвэрлэлтийн зардлыг багасгахын тулд замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил гаалиар нэвтрэх чадварыг сайжруулахад анхаарч ажилласан. Мөн Цагаанхаданд нүүрсийг буулгаж тэндээс шилжүүлэн ачдаг байсныг “Эрдэнэс Тавантолгойн” уурхайгаас шууд ачиж хил гаргадаг болсон зэрэг арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Уул уурхайн яамнаас нүүрсийг хагас болон гүн боловсруулах, эрчим хүчний нүүрсэндээ тулгуурлах цахилгаан станц барих бодлого барьж байна. 
 
-Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсаар байхад Монголд шатахууны үнэ яагаад хэвээрээ байна вэ. Хэдхэн монополь компани шатахууны үнийг бариад байгаа юм биш үү? 
 
-Бензин шатахуун нь манай стратегийн бүтээгдэхүүн. Одоогоор Монгол Улс нефть бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхлээгүй, 100 хувь гаднаас хамааралтай байгаа. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын ганцхан компанийн хараат байсан бол одоо 6-7 улсаас авч байгаа. Мөн өмнөд хилээр шатахуун нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн. Үнийн хувьд дотоодын зах зээлд хэт давалгаа үүсгэхгүй байх бодлогын үүднээс тогтвортой бариад байгаа юм. Зах зээл дэх үнийг хэвээр нь барьж байгаа боловч компаниудаас авах татварын хэмжээг нэмсэн. Үнийн зөрүү нь татварын нэмэгдэл болж улсын төсөв рүү орсноор буцаад иргэдэд зарцуулж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. 
 
-Шатахууны татварын хэмжээг нэмснээс хойш улсын төсөвт нефть бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгийн татвар төвлөрүүлсэн бэ? 
 
-Газрын тосны бүтээгдэхүүнээс улсын төсөвт 2014 онд 284.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ жил 288 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. 
 
-Оюутолгойн гэрээ эдийн засагт яаж нөлөөлөх вэ. ТЭЗҮ-г нь батлаагүй байж хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг яаж тооцсон юм бэ? 
 
-ТЭЗҮ-г 2010 оны баталсан байдлаар тооцсон юм байна лээ. Би ажлын хэсэгт орж ажиллаагүй учраас нарийн мэдээлэлгүй байна. Гэхдээ ТЭЗҮ гэдэг хөдөлшгүй юм биш Ойрын үед ТЭЗҮ-д үнэлгээ хийх баг дүнгээ танилцуулна. Бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Мон- голын талын тавих хяналтыг нэмэг дүүлэхээр тусгах зэргээр тодор хой заалт орсон байна лээ. Тиймээс зардлын хэтрэлт гарахгүй байх. 
 
-Төмөрлөгийн салбарт яаж анхаарал хандуулах вэ. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж байгаа. Тэгэхээр төмрийн хүдэр гаргах хэрэг байна уу
 
-Сүүлийн жилүүдэд төмрийн хүдэр, баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр унаж төмөрлөгийн компаниудын экспортын орлого багасч, санхүүгийн хувьд хүнд байна. Цаашдаа төмрийн хүдрийн уурхайнууд нэгдсэн бодлогоор үнээ унагахгүй, борлуулалт хийх нь чухал. Ингэхийн тулд Эрдэс баялгийн бирж байгуулах ёстой. Эрдэс баялгийн бирж байгуулах асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. 
 
-Ахуйн болон автомашинд хэрэглэх хийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ? 
 
-Хятадын “Синопек” ком- пани тай нүүрснээс хий гаргах төслийн санамж бичиг байгуулж урьдчилсан ТЭЗҮ боловсруулаад Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хий Монгол Улсын хувьд шинэ салбар, тиймээс хууль эрх зүйн орчноос эхлээд зохицуулах асуудал олон. Цаашдаа утааг арилгахад хийн хэрэглээ чу хал нөлөөтэй. Тиймээс хийн хэрэглээнд анхаарч байгаа. Орон нутагт хий түгээх станц байгуулах зөвшөөрөл хүссэн компанид зөвшөөрөл олгож байна. Дарханд хоёр, Өвөрхангайд нэг станц барьж байгаа. 
 
-Онгоцны түлш нийлүүлдэг ганцхан компани байгаа учраас үнийг дураараа нэмж байгаа. Онгоцны түлшний нийлүүлтийг хэзээ нэмэгдүүлэх вэ? 
 
-Хоёр дахь эх үүсвэртэй бо лохоор ажиллаж байна. “Роснефть” болон БНХАУ- ын “Синопром” ком панитай хэлэлцээр явуулж байна. Замын- Үүдын боомт дээр онгоцны түлш хадгалах сав, шилжүүлэн ачих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийж байгаа. Хоёр дахь эх үүсвэр ороод ирвэл өрсөлдөөн бий болж үнэ буурах нөхцөл бүрдэнэ. 
 
-Ноён уулын асуудал юу болсон бэ. Тэгсгээд чимээ тасарчихлаа? 
 
-Ноён уулыг стратегийн ордод оруулахаар болсон. Хувь хэмжээн дээрээ тохирч чадаагүй байгаа. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр ид явж байна. Гол нь хөрөнгө оруулалтын болон зардлын хэмжээ ямар байх, Монгол Улсад ногдох үр ашиг зэргийг нягталж байгаа. Манай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Германы дэмжлэгтэй мэргэшсэн зөвлөхийг авч ажиллуулсан. Ойрын хугацаанд үр дүн гарах байх. 
 
-Шатахуунаас авах хилийн болон онцгой албан татварыг хэзээнээс авч эхэлсэн бэ? 
 
-Засгийн газрын энэ оны хоёр- дугаар сарын 16-ны тогтоолоор гаалийн татварыг таван хувь болгосон. А-92 бензинд тонн тутамд 259 мянга, А-80-д 252 мянган төгрөгийн татвар авч байгаа. Харин дизелийн түлшнээс 265 мянган төгрөгийн татвар авахаар болсон. 
 
М.АЛТАНЦЭЦЭГ
 
Эх сурвалж: