sonin.mn
Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2002 онд Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, иргэд газар өмчлөх боломж бүрдсэн. Уг хуулийн 27 дугаар зүйлд “иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” эрхтэй байхаар заасан. Улмаар Иргэний хууль, 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна. Иймээс газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалт бий болгох, мөн үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалт шаардлагатай байгааг харгалзан хуулийн төслүүдийг боловсруулсныг дурдав.
 
 
 
Хуульд тусгайлан заасан, талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах одоогийн зохицуулалтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд газар барьцаалсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж болох, мөн нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бол барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах зохицуулалтыг шинээр нэмэхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн талууд үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар барьцааны зүйлээс гаргуулахаар тохиролцсон бол мэдэгдэх хуудас үйлдэх заалтыг Нотариатын тухай хуульд нэмж тусгахаар зохицуулсан байна. Энэ хуулийн төсөл батлагдснаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
 
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжжээ.
 
 
 
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Л.Болд, Г.Баярсайхан нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Баярсайхан, С.Ганбаатар нар саналаа хэлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд хуулийн төслүүдийн агуулга нь Үндсэн хуультай зөрчилдөж болзошгүй байгаа тул үндэслэлээ сайн тайлбарлаж хуралдааны тэмдэглэлд тусгуулах нь зүйтэй, мөн иргэдийн өмчтэй холбоотой энэ асуудалд болгоомжтой хандаж иргэдийн үл хөдлөх хөрөнгийг хамгаалах, эрхийг нь баталгаажуулах, ялангуяа насанд хүрээгүй, эрхийн бүрэн чадамжгүй иргэдийн өмчлөх эрхийг хамгаалахад анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төслүүд нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй, тийм үндэслэл ч байхгүй. Учир нь маргаан гарсан тохиолдолд нотариатын гүйцэтгэх хуудсыг шүүх баталгаажуулснаар асуудал шүүхийн журмаар шийдэгдэх боломжтой.
 
Энэ хуулийн төсөл нь хөрөнгийн бүртгэлийг сайжруулах, өмчийн эзний эрхийг баталгаажуулах, зээлийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Хэрэв энэ хууль батлагдахгүй бол иргэд өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, өнөөгийн байдал хэвээр үргэлжлэхэд хүрнэ. Иргэд ч үл хөдлөх хөрөнгөө барьцаалахдаа хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй, энэ бол зах зээлийн шаардлага юм гэдгийг хэлж байв.
 
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.