sonin.mn
БХЯ-ны БХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа П.Жаргалантай манай сурвалжлагч уулзаж, тус газраас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй ярилцсаныг нийтэлж байна.
 
                Та өөрийн хариуцсан газрынхаа ажил, үүргийн талаар товч тодруулна уу?
 
               -Манай газрын хувьд Батлан хамгаалах салбарын зэвсэг, техникийн шинэчлэл, түүний арчлан хамгаалалт, бие бүрэлдэхүүний материал техникийн хангалт, газрын харилцаа, гадаадын зээл тусламж зэрэг үндсэн дөрвөн чиг үүрэгтэй. Дээр нь батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын асуудал мөн орно.
 
                Он гараад бараг хагас жил болж байна. Энэ хугацаанд ямар ажил хийж, хийхээр зэхэж байгаа вэ?
 
            -Эн тэргүүнд Зэвсэгт хүчний зарим нэг техникийн шинэчлэлийн асуудлыг хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэж байна. Тухайлбал, ЗХЖШ-аас гаргасан хүсэлтийн дагуу барилга инженерийн авто техникүүд, анги, салбаруудад хэрэгцээтэй байгаа автобус, суудлын машины асуудлыг нэг мөр болгож байгаа. Мөн Өмнөд Судан болон Хойд Суданд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын техникийн шинэчлэлийг хийхэд бид багагүй анхаарч байна. Агаарын хилийн хяналтыг сайжруулах зорилгоор ОХУ-ын “Алмаз-Антенн” компанитай байгуулсан хэлэлцээр 2016 оноос хэрэгжиж эхлэх байх. Түүнчлэн “М” байгууламжийг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулах, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Зам, гүүрийн ротын тусгай зөвшөөрөл, техник хангалтыг зохион байгуулах зэрэг ойрын үед авч хэрэгжүүлэх ажил цөөнгүй байна. Материал хэрэгслийн хангалтын хувьд бараа материалыг худалдан авах ажил үндсэндээ дуусч байгаа. Бараа материалын 70-75 хувийг дотоодын үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр худалдан авалт хийж байна.  Үүнийг АҮЯ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Үндэсний үйлдвэрлэгч нар болон Батлан хамгаалах салбарын хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарсан үзэсгэлэн, уулзалтыг зохион байгуулна. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1000 оюутны хэрэглэх материал хэрэгслийн хангалтыг бүрэн шийдвэрлэсэн.
 
                Цэргийнхний анхаарлын төвд орон сууцны асуудал эн тэргүүнд байдаг. Энэ тухайд …?
 
                -Батлан хамгаалах салбарын хэмжээнд 400 орчим цэргийн алба хаагч албан тушаалын орон сууцанд амьдардаг. Эдгээр айлууд орон сууцаа хувьчилж авах асуудлыг олон жил тавьсан. Хувьчлалын асуудлыг 8 дугаар сард багтаан шийдвэрлэнэ.
 
                Нууц биш бол хамрагдах байрууд, мөн нэг метр квадратын үнэ ямар хэмжээнд байх бол?
 
                -Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн орчим дахь 126, 084 дүгээр ангийн 50, 011 дүгээр ангийн 40 айлын, дээр нь Төв аймаг дахь 96 айлын орон сууцны хувьчлалын асуудал яригдаж байгаа. Нэг метр квадрат нь ойролцоогоор 800.0-900.0 орчим л байх болов уу. Гэхдээ Төв аймгийн  52  хүний хувьд асуудал арай өөрөөр тавигдах байх.   Үүнд ашиглалтын хугацаа зэрэг харгалзах зүйл олон байгаа.  Харин шинээр байранд орох хүмүүсийн хувьд асуудал дараа нь шийдэгдэнэ.
 
                Шинээр байранд орох гэснээс шинэ байруудын хувь заяа хэрхэн шийдэгдэж байгаа вэ?
 
                -Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн байрлал дахь 63 айлын орон сууц 7 дугаар сард ашиглалтад орно. Харин Монгол цэргийн музейн хашаанд баригдсан 300 айлын орон сууцыг ямар ч байсан онд нь  багтааж ашиглалтад өгнө. Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгөөр Баян-Өлгий аймагт 40, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид 20, 353 дугаар ангид 20 айлын албан тушаалын байрыг ашиглалтад оруулахаар ажил эхлээд явж байна. Мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн алба хаагчдын Соёл, спортын цогцолбор баригдана. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн алба хаагчдад зориулсан 800 хүний багтаамжтай цэргийн  байрыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв болон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байрлалд бариулахаар газар шорооны ажлыг эхлүүлж, 311 дүгээр ангийн өндрийн цахилгааны шугамыг шинэчилсэн.  Мөн БХИС-ийн спорт цогцолбор, БХХСАХНЭ-ийн барилга удахгүй ашиглалтад орно. Австри улстай байгуулсан хөнгөлттэй зээл тусламжийн хүрээнд 28 нэр төрлийн 123 аппарат, тоног төхөөрөмжийг  шинээр тус эмнэлэгт суурилуулах юм. Энэ эмнэлгийн шинэ тоног төхөөрөмжтэй холбоотой хил, гаалийн асуудал нь бүрэн шийдвэрлэгдсэн бөгөөд зарим нэгэн нэмэлт хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
 
                Газрын маргаантай асуудал багагүй байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
 
                -Тусгай хэрэгцээт газрын асуудалтай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор манай яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Гол зорилго нь тусгай хэрэгцээний газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх юм. Тухайлбал, Алтанбулаг, Замын-Үүдийн чиглэл дэх хурдны болон төмөр зам, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлууд байгаа. Жишээлэхэд, БХИС-ийн Сургалтын төв, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Галт хэрэгслийн агуулахын  байрлалын районуудад иргэдэд эзэмшил газрыг олгохоор төлөвлөсөн байдаг юм.
 
                Нэлээд тооны техник шинээр ирэх сураг байна?
 
                -АНУ, ХБНГУ, БНХАУ-аас цөөнгүй тооны авто болон инженерийн техникийг тусламжийн хүрээнд авч байгаа. Үүний үр дүнд зам, гүүрийн ажлыг эхлүүлэх, ангиудын бэлэн байдлын түвшин нэмэгдэх зэрэг багагүй ач холбогдолтой. Мөн БНТУ-аас хувцас, агсамж зэрэг эд материалууд тээвэрлэлтийн шатандаа явж байна.
 
Эх сурвалж "Соёмбо" сонин