sonin.mn
Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй буюу Нийгмийн халамжийн хуулийн дагуу асаргааны тэтгэмжинд хамрагдаж буй байнгын асаргаатай нийт 309 хүүхэд байдаг. Тэгвэл өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж 11.00 цагт  дүүргийн Соёлын ордонд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд уулзалт, зөвлөгөөнийг  амжилттай зохион байгууллаа.
 
Зөвлөгөөний зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд тулгамдаж буй  асуудал, тэднийг дэмжих, хөгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино.
 
Зөвлөгөөнийг ХУД-ийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр нээж, Нийгмийн халамж үйлчилгээний  хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, Нийгмийн  халамж, үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны дарга Б.Дагвадорж, хороодын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд байнгын асаргаа, эмчилгээ, сувилгаа шаардлагатай байдаг тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн эдийн засаг хүнд байдалд орж, эцэг эхчүүд нь хүүхдээ асрахын зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлэх, ажил хийх боломж бололцоо маш бага байдаг юм.
 
Дээрх асуудлыг  шийдэх гарц нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд  өрхийн орлогоо нэмэгдүүлэх явдал юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд   өөрийн нөөц, бололцоог ашиглан, жижиг үйлдвэрлэлийг эрхлэн, амьжиргаагаа авч явах боломжийг бүрдүүлж, хүсэл сонирхолд нь тулгуурлан, оёдлын чиглэлээр бүлэг болгон “Монголын смокинг хатгамлын урлагийн холбоо” ТББ-тай хамтран, 1.5 сая төгрөгний төслийг “АПУ” ХК  санхүүжүүлжээ. Мөн тус зөвлөгөөний үеэр бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.  Уг үзэсгэлэнд смокинг гар хатгамалтай хүүхдийн платье, оёмол эдлэлийн бүтээгдэхүүн болон мартериалын үлдэгдэл, өөдөс ашиглан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон туслах хэрэгсэлүүдийг толилууллаа.
 
Харин зөвлөгөөний төгсгөлд оролцогч эцэг эхчүүдэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, ВитАфит группийн хамт олноос “Сэтгэлийн бэлэг бүтээгдэхүүн”-ий дээжээс гардуулав.