sonin.mn
ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн хатан хаан II Элизавета шинэ засгийн газрынхаа парламентад өргөн барих хуулийн төсөл, төлөвлөгөөг дэлгэлээ. Үүнд Европын Холбооны /ЕХ/ гишүүнээр үлдэх эсэхийг шийдэхээр бүх нийтийн санал асуулга явуулах төлөвлөгөө багтсан байна.
Парламентын нээлтийн хуралдааныг тохиолдуулан хатан хаан лхагва гарагт үг хэлжээ. Энэ сарын эхээр болсон бүх нийтийн сонгуульд Консерватив нам ялснаар Дэвид Кэмерон ерөнхий сайдаар улиран сонгогдсон билээ.
 
Хатан хааны хэлснээр, Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах эсэхийг шийдэх санал асуулга явуулах хуулийн төслийг тус улсын Засгийн газар парламентдаа өргөн барихаар төлөвлөж байна.
 
Тус улсын засгийн газар төсвийн алдагдлыг багасгах арга хэмжээ авахыг тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Их Британийн Засгийн газар бага орлоготой өрхүүдийн татварын дарамтыг багасгах замаар ажилчдад тусалж, орон сууц худалдан авагчдыг дэмжих арга хэмжээ авах ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг