sonin.mn
Эрхэм зочид,
эрдэмтэн судлаачид аа
Энэ онд Монголын түүхэнд тохиолдсон олон чухал үйл явдлын дотор Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлж түмэн өлзий гийсний 380 жилийн ой томоохон байр суурь эзэлж байна. Өндөр гэгээн Занабазар Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авъяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсан юм.
 
Өндөр гэгээн Занабазар буддын шашны үзэл санаа, сэтгэлгээг уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүрт идээшлүүлэн шингээж, монголчуудын нүүдэллэн аж төрөх хэв маяг, соёл, зан заншилд бүрнээ нийцэн зохицсон өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий Монголын бурхны шашныг бий болгож төлөвшүүлсэн юм. 
 
Их гэгээнтэн бурхны шашны төвлөрсөн хэд хэдэн том сүм хийдийг уран барилгын өөрийн дэг жаяг, инженерчлэлийн тооцоон дээр үндэслэн байгуулсан байдаг. Үүний нэг нь Монгол Улсын нийслэлийн гал голомтыг бадраасан Сарьдагийн хийд буюу Төгс баясгалант номын их хүрээ юм. ШУА-ийн Түүхийн хүрээлэн өнгөрсөн онд Сарьдагийн хийдийн туурьт малтлага, судалгаа хийж, барилгын дотоод чимэглэлд зориулж хийсэн шавар эдлэл, төрөл бүрийн бурхан, нимгэн мөнгөн дээр сийлж хийсэн бурхан зэрэг олон үнэт зүйлийг илрүүлэн олсон байна. Ингэснээр манай эрдэмтэн судлаачид Өндөр гэгээний урын санд шавар урлалын шинэ төрөл байсныг нээн тогтоосон байх жишээтэй. Энэ бол эрдэмтэдийн маань судалгаа шинжилгээний ажлын томоохон үр дүн гэж үзэж байна.
 
Өндөр гэгээн Занабазар бээр Леонардо да Винчи, Рембрантын уран зургаас үл дутах Очир Дара бурхан, язгуурын таван бурхан зэргийг урлан бүтээсэн Дорно дахины дүрслэх урлагийн агуу их мастер байлаа. Түүний бүтээлийг өрнө дорнын соёлт орнуудад үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж бүртгэн ЮНЕСКО хамгаалалтандаа авсан. Үүний үр дүнд их уран бүтээлчийн өөрийн гэсэн ур хийц, бүтээсэн технологи, Монголын төдийгүй дэлхий дахины соёлын хосгүй үнэт өв болон үлдэж байна. 
 
Өндөр гэгээн Занабазар бол олон үеийн турш Монголын тусгаар тогтнол, төр эрхэмсэг байхын бэлгэдэл, Монголчуудын нэрийн хуудас болж ирсэн “Соёмбо” үсгийг бүтээсэн юм. Энэхүү “Соёмбо” монголчууд туурга тусгаар, төрийн бүрэн эрхт байдлаа хадгалж байгаа цагт төрийн далбаан дээр өнө мөнхөд орших болно.
 
Өндөр гэгээн Занабазар бол монголчуудыг эвтэй найртай байлгахын төлөө ухаанаа уралдуулж, санаагаа сааж байсан суут сэтгэгч эрдэмтэн мөн. Түүний мэргэн санаа, гүн ухааны бадрал, бясалгал нь “Жанлав цогзол” буюу “Цаг лугаа зохилдуулсан залбирал адистадийн дээдийг хайрлагч оршивой”, “Маань бүтээх арга” хэмээх зохиол, бүтээлүүдэд нь нэвт шингэсэн байна. Энэ бүхнээс Өндөр гэгээнтэн бол хийсэн бүтээсэн болон сэтгэлгээний ур, хаялгаараа их соён гэгээрүүлэгч байсан гэдгийг ч нотолж болно.
 
Анхдугаар богд болон Түшээт хан дотоодын хямрал, хүчний давууд шахагдан “хаданд хавчуулсан халиуны зулзага” мэт байж, улмаар олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан Манжид дагаар орсон байдаг. Гэвч тэрээр Манжийн хааны номын багш төдийгүй улс төрийн зөвлөхийн зиндаанд шүтэн бишрэгдэж, Монгол руу явуулах бодлогыг ухааны даац, цөлхөөрөө зөөллөж чадсан улс төрийн том зүтгэлтэн байсан юм. Харамсалтай нь өнгөрсөн түүхийн явцад энэ эрхэм хүний монголын түүхэнд оруулсан үнэт зүйлийг үгүйсгэж ирсэн гэдгийг та бид уран бүтээлийн сангаас харж байгаа.
 
Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд эрдэмтэн судлаачид та бүхэн өмнөх нийгмийн тогтолцоонд Өндөр гэгээн Занабазарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өрөөсгөл үнэлж ирсэн алдааг засаж залруулан түүхэн үнэнийг судалгааны ажлын эх сурвалж, баримт, нотолгоонд үндэслэн сэргээнэ гэдэгт итгэж байна.
 
Та бүхний эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч Занабазар судлалд томоохон дэвшил гаргахыг хүсье.