sonin.mn
Энэтхэгт хэтэрхий халуун болж 1000 гаруй хүн цаг бусаар хорвоогоос буцсан тухай мэдээлж байгаа. Хэтэрхий халуунаас болж засмал зам галт уулын лав шиг л урсаж, жинхэнэ экологийн аюул болж байгаа аж.
 
Харин төв Азийн өндөрлөгт оршдог Монгол оронд маань зуны эхэн сар хэдийнэ айлчлан ирсэн ч хүн байж суухын аргагүй халуун шатаагүй байгаа. Ойрдоо бүр сэр сэр салхилж, тэнгэрээс хурын дуслууд шөнөдөө унаж чийг үнэртээд тааламжтай сайхан л байгаа. Цаг агаар ийм сайхан байхад л манай эрхэм УИХ-ын гишүүд сүүлийн үед тун ч их лазагнаж ажилдаа цагтаа ирдэг хүн гарын 10 хуруунд багтдаг болжээ. 
 
Өчигдөр л гэхэд чуулганы хуралдаан 09:00 цагт эхлэх байсан ч хуралдааны танхимд ердөө наймхан толгой л шоволзож харагдсан. Эмнэлгийн чөлөөтэй гурав, гадаад томилолттой дөрөв, орон нутагт яваа гурав гээд 10 гишүүнийг хасвал үлдсэн 58-ын зарим нь орноосоо ч өндийгөөгүй лазагнаж хэвтсэн нь тодорхой. 
 
Өдийд ингэж лазагнаж байгаа эрхмүүд зургаа, долоон сарыг яаж барах нь огт ойлгомжгүй. Магадгүй “Санжигнаж байгаад дуусгана даа” гэж тооцоолж яваа эрхмүүд олон байгаа байх. Гэтэл төрийн ажлыг үлгэн салган санжигнуулсаар байсны төлөөсөнд өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хямралын өмнө толгойгоо унжуулж, хоёр гараа өргөөд байгаа нь гашуун ч гэсэн хаашаа ч бултахын аргагүй үнэн билээ.
 
Эх сурвалж: