sonin.mn
 
 
Дайны хөлд нэрвэгдсэн энгийн иргэдийг хамгаалах үйлсэд монгол цэргүүд  үүрэг  гүйцэтгээд арав гаруй жил болж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш арван жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнийг  дурьдсаны учир нь жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг  дэлхий  нийтээр  “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.  Тиймээс бид энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бусад орны цэргүүдээс эр зориг, тэсвэр хатуужил, сахилга батаараа  илт давуу ялгарч НҮБ-ын талархлыг  удаа дараа  хүртээд буй монгол цэргүүдээ онцоллоо. 
 
БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний IV Мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд цагийн байдал тогтворгүй, буун дуу тасралтгүй явагдаж, халдлага болж байгаа газар олон мянган хүнийг авран хамгаалж буй.  Өнгөрсөн жилийн наймдугаар сард Өмнөд Суданыг зорьсон 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон тус улсын  Юнити мужийн “Бентью” бааз, “Париан”, “Ийда” сууринд үүргээ амжилттай биелүүлж  өнгөрсөн гуравдугаар сард  Ийда дахь дүрвэгсдийн хуаранд гал гарч 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгдэж, галын аюулын үед их хэмжээний сум тэсэрч 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаран бүрэн шатах аюулыг  зогсоож чаджээ.  Ийнхүү дэлхий даяар Монгол гэсэн нэрийг цуурайтуулж байгаа НҮБ-ын энх тайвны билэгдэл болсон цэнхэр дуулгатнуудын баярын өдөрт зориулж Зэвсэгт хүчний Жанжин штабын дотоод холбоогоор БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа IV Мотобуудлагын батальоны Ажиллагааны төлөвлөлтийн офицер, ахмад Х.Ууганбаатартай холбогдсон юм. Тэрээр Монголын батальоны холбооны ажиллагааны удирдлагын төв байрнаас бидэнтэй холбогдлоо.
 
-Сайн байна уу. Та бүхэнд Олон улсын энхийг сахиулагчдын баярын мэнд хүргэе. Баяраа яаж тэмдэглэх гэж байна вэ?
 
-Баярлалаа. Хамт үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргүүдтэй жагсаал хийнэ, дүрвэгсдэд зориулж урлагийн тоглолт үзүүлнэ. Мөн өөр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
-Энхийг сахиулагчид маань ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж байна вэ?
 
-Өмнөд Суданы Засгийн газар болон тэдний эсрэг хүчний дайнаас болж цагийн нөхцөл байдал тогтворгүй байна. Бид дайн байлдааны хөлд нэрвэгдсэн, хөгжил муутай, орон гэрээсээ дайжиж дүрвэгсдийн бааз бараадсан хүмүүс, НҮБ-ын ажилчдыг хамгаалдаг.  Бидний байрлаж байгаа “Бентью” баазын ойролцоо НҮБ болон Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд тусламж үзүүлдэг дүрвэгсдийн лагерьт 62000 гаруй хүн байдаг. Оршин суугчид НҮБ-ын бааз, дүрвэгсдийн лагерийг өдөр болгон зорьж ирдэг. Тэд гэрээсээ дайжиж ирдэг бөгөөд ажил, хөдөлмөр эрхэлдэггүй.
 
Тавдугаар сар гараад борооны улирал эхэлдэг учраас хэд хоноод л бороо орж байна. Бороо орсноос шавар их болсон учраас үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байна. Мөн +40 хэмтэй байна. Өөрөөр хэлбэл +40 хэмд гутал шигдсэн шавар дундуур хантааз, буу, дуулга гээд бүрэн хэрэгсэлтэйгээ явж байна.
 
-Манай энхийг сахиулагчид гурван газар хуваагдаж үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн. Энэ талаар болон та бүхний нэг өдрийн ажил, амьдрал хэрхэн өрнөдөг талаар сонирхож болох уу?
 
-Манай батальон гурван мужид хуваагдан үүрэг  гүйцэтгэж байна. Төв бааз буюу “Бентью” бааз дайн байлдааны гол цэг гэсэн үг. Төв цэгээс  “Париан”  суурин 120 км, харин  дүрвэгсдийн лагерьтай  “Ийда” суурин 370 км байдаг. Тэнд байрлаж байгаа салаа НҮБ-ын онгоц ирэх, буцах хамгаалалт, ажилчдын аюулгүй байдлыг хариуцна. Бид өглөө 05:30 цагт босно. Тэгээд цайндаа ороод харуул хамгаалалтад солигдож гарна. Дараа нь шуурхай хурал хийгээд тус тусын үүрэг чиглэлээ авна. Ер нь бол гурван цагийн зайтайгаар үүрэг гүйцэтгэдэг.
 
-Алхам тутамдаа эрсдэлтэй нүүр тулдаг байх. Эмнэлгийн үйлчилгээ хэрхэн авдаг вэ?
 
-Ер нь үүрэг аваад гарах болгондоо эрсдэлтэй нүүр тулна. Монголоос очсон  эмнэлгийн баг байгаа болохоор эмнэлгийн үйлчилгээ сайн авна. Харуулд гарахын өмнө болон сар болгон  эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг.
 
-Эх орноосоо хол удаан хугацаагаар явж байгаа болохоор гэр бүлээ, нутгаа саналаа гээд хоорондоо их ярилцдаг гэж сонссон?
 
-Мэдээж эх орноосоо хол байх амаргүй. Наад зах нь гэр бүлээ санана. Гэхдээ Монголынхоо нэрийг сэвтээхгүй байх  ёстой. Энэ удаагийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ихэнх нь 2-3 удаа явсан туршлагатай хүмүүс. Би гэхэд энхийг сахиулах ажиллагаанд гурав дахь удаагаа явж байна. Тиймээс залуучууддаа зааж сургаад явдаг. Бидний 36 нь эмэгтэй.
 
-Монгол цэргүүдийн ур чадвар, эр зоригийг  НҮБ-аас үнэлдэг. Энэ нэр хүндээ хамгаалж өнгөрсөн гуравдугаар сард манай цэргүүд 70 мянган хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, гавьяа байгуулсан. Энэ талаар тодруулна уу? 
 
-Манай энхийг сахиулагчид зохион байгуулалт сайтай, сахилга, хариуцлагатай, тэвчээртэй гээд олон талаараа бусад орны цэргүүдээс ялгардаг. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Ийда дахь дүрвэгсдийн хуаранд гал гарч 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатаж, 10 гаруй хүн хөнгөн түлэгдсэн. Тус сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дэслэгч Н.Амарбаясгалан захирагчтай 3мбр-ын 1мбс-ны бүрэлдэхүүн га­лын голомтод цаг алдалгүй очин аюулыг шуурхай үнэлж, хамгаалалтын бүрэлдэхүүнийг салааны захирагчийн шийдвэрээр хоёр бүлэгт хуваарилан галыг нутгийн ард иргэдтэй хамтран унтраах, хүүхэд, эмэгтэйчүүдийг галын голомтоос гаргах болон эд хөрөнгийг аюулгүй зайд татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Галын аюулын үед их хэмжээний сум тэсэрч байснаас гадна хүчтэй салхинд гал эрчтэй тархаж, 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаран бүрэн шатах аюултай байсан ба салааны захирагчийн зөв шийдвэр, бүрэлдэхүүний зоримог, шуурхай арга хэмжээний үр дүнд олон хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгийг эрсдлээс хамгаалж чадлаа. НҮБ-аас албан хаагчдад талархал илэр­хийлж “Энхийн төлөө” медалиар шагнасан.  Монголын энхийг сахиу­лагчдын энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эд хөрөнгө болон олон хүний алтан амь насыг аюулаас аварсныг Ийда дахь дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд хороо болон UNMISS ажиллагааны удирдлагаас онцгойлон талархаж, Монголын цэргийн алба хаагчдын мэргэжлийн шуурхай ажиллагаа, эр зоригийг өндрөөр үнэлэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгт үргэлж сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн.
 
С.УЯНГА
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин