sonin.mn
Унгар улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Уг нээлтэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд болон Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто болон Элчин сайд Акаши Модари нар оролцлоо.
 
Ёслолыг нээж Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто үг хэлэв. Тэрбээр, Манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсад дипломат төлөөлөгчөө суулгах нь чухал юм. Өмнө Монгол Улсад суух Элчин сайдын яамаа хаасан нь бидний хийсэн том алдаа байв. Өнөөдөр алдаагаа залруулж, дахин Элчин сайдын яамаа байгуулж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсын олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэн. Манай Улс Монгол Улсын хийж буй аливаа үйл ажиллагааг байнга дэмжиж ажиллах болно” гэлээ.
 
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, “Монгол, Унгар бол эртний харилцаатай ард түмэн. Аливаа улсад суугаа Элчин сайдын яамыг хаана гэдэг хамтын ажиллагаагаа өргжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам идэвхтэй ажиллаж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад суух Элчин сайдын яамаа дахин байгуулж байгаа нь хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц боллоо. Цаашдаа хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллах болно” гэв.
 
Унгар улсаас Монгол Улсад суух Элчин сайд Акаши Модари, “Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ тэгш ойгоор Элчин сайдын яамаа дахин байгуулж буйд баяртай байна. Бид Элчин сайдын яамыг 2006 онд хаасан хэдий ч найрамдалт харилцаагаа хадгалсаар ирсэн. Сүүлийн хэдэн жилийн турш бид хамтын ажиллагааны бат бөх суурийг тогтоосон бөгөөд үүнд уул уурхаай, геологи, усны менежмент болон хөдөө аж ахуйн салбар давамгайлж байсан. Цаашдаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллах болно. Газар зүйн хувьд хол хэдий ч худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих боломжтой гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын эдийн засгийг шинэчлэхэд тусламж үзүүлэн, инновацийн хөгжлийн туршлагаасаа хуваалцахад таатай байх болно” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ"